УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Хуулийн төслийн танилцуулгад “Регистрийн дугаарыг Монгол Улсын иргэн төрсний бүртгэлд анх удаа бүртгүүлэх, Монгол Улсын харъяат болоход олгодог. Тухайн иргэнд олгосон регистрийн дугаар нь олгосон аймаг, нийслэл, сум, дүүргийг илэрхийлсэн үсгэн утга, төрсөн он, сар, өдөр, хүйсийг илэрхийлсэн тоон утгыг агуулж байдаг. Тиймээс регистрийн дугаараар тухайн иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн мэдээлэл, оршин сууж байсан аймаг, нийслэл, сум, дүүргийн мэдээллийг мэдэх боломжтой байдаг. Иймд одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилнө. Ингэснээр иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1.925.772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгах нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоолоо. Иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл уг хуулийн дагуу иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бодит байдал дээр иргэдэд багагүй хүндрэл бэрхшээл бий болгодог. Тухайлбал, Иргэний улсын бүртгэлийн тоон мэдээ, судалгаанаас үзэхэд нэг жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 120000-130000 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, мэдээллийн санд тухайн иргэний оршин суугаа газрын хаягийг өөрчилж, мэдээллийн санд тусгадаг. Энэ хаяг нь иргэний үнэмлэхэд бичигдсэн хаягаас зөрүүтэй болдог тул иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлж, иргэний оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөх тохилдол бүрт иргэний үнэмлэх сольж авах хэрэгцээ шаардлага үүснэ. Мөн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр засаг захиргааны нэгжийн бүтцэд өөрчлөлт оруулах тохиолдолд иргэний оршин суугаа газрын хаяг өөрчлөгдөж, тухайн иргэний гар дээрх баримт бичгээс зөрүүтэй болох тохиолдлууд байсаар байна. Түүнчлэн иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бусад этгээд харах, иргэний хаягийн мэдээллийг ашиглан хохирол учруулах, иргэний хувийн аюулгүй байдал алдагдах зэрэг нөхцөл байдал бий болгож байна. Иймд иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13