Монголын ПАРЛАМЕНТ сэхээнд байна

Admin | 2022-04-21


                                                     

Төрийн минь сүлд өршөө. Хүн төрөлхтөний түүхийн мянга, мянган жилд Монголын төрт улс хамгийн хүчирхэг, хамгийн аугаа, сүр хүчтэй байсан учраас ард түмэн бид хэдэн мянган жилийн турш энэхүү үгийг маань, мэгзэм мэт амандаа шившин, сэтгэлдээ сүслэн иржээ. Бурхдаас ч хүчтэй төр, хаадаас илүү хаан, засаглалын дээд засаглал оршин байсан учраас л монголчууд бурхдад биш төрдөө сүслэж, залбирдаг байсан болов уу.Монголын төр мохож ухарсан, Манжид дарлагдаж сулран доройтсон үе байсаан. Гэхдээ өнөөдрийнх шиг учраа олохоо байтлаа ухран мухардсан нь бий билүү. Монгол Улсын мөнгөний бодлого, төсөв, эдийн засаг гээд бүх эрх мэдлийг Засгийн газар зангидаж байна. УИХ Засгийн газраас орж ирсэн бүхнийг асуулт асуусан болоод дэмжиж байна.

Товчхондоо Монгол төр, Монгол Улсын парламент Г.Занданшатарын үед хамгийн ихээр сулран доройтож, шийдвэр гаргаж чадахгүйд хүрээд байна. Монгол төрийн алтан аргамж, гадаад харилцааг үндсэндээ тавиад туучихаж. Хоёр хөрштэйгөө дипломат харилцаад, ойлголцоод явах нь бүү хэл хэдэн төгрөгийн наймаа хийж, түүнийгээ татан авч чадахгүйд хүрснийг “үгүй” гэж өмөөрөх хүн олдохгүй биз. Өөрсдийгөө өмөөрөхдөө энэ бол Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудал гэж мэлзэхвий. Тэгвэл үгүй. Монгол Улс парламентын засаглалтай. Парламентийн спикер бол Монгол Улсад болж бүтэж байгаагаас болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйлийн автор, эзэн нь. Засгийн газар нь ажиллаж чадахгүй бол түүндээ хариуцлага тооцоод чаддагийг нь гаргаж ирэх үүрэгтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж чадахгүй байгааг бид бүгдээрээ харж байна. Хэлж байна.

Эрхэм спикер, Монгол Улсын эзэн Г.Занданшатар анзаарч харахгүй байна. Арга хэмжээ авахгүй байна. Энэ бүх болохгүй зүйлийг хараад юуж хийхгүй суусаар байх нь Монгол үндэстний эсрэг хийж буй маш том гэмт хэрэг гээд ойлгочихвол нэг их хол зөрөхгүй л болов уу. Монголчууд Манжид дарлагдаж байхдаа ч тухайн нийгмийн хамгийн хурдан өртөөг ажиллуулж чаддаг байсан. Харанхуй бүдүүлэг байсан гэж болох ч үнийн хөөрөгдөл, өлсгөлөнгийн туйлд хүрч явсангүй. Гэтэл өнөөдөр 200 километр зам тавьж чадахгүйн дээр бензин, ам.доллароос эхлээд өргөн хэрэглээний бүх зүйлийн үнийг гурав нугалаад алдчихлаа. Улаанбаатараас чанх хойшоо 400 гаруйхан километрийн цаана Хиагтад бензиний үнэ хачин хямдхан хэвээрээ. Улаанбаатараас зүүн урагш 700 гаруйхан километр давхиад Эрээнд оймс, бандаашаас эхлээд бүх зүйлийн үнэ 20 дахин хямдхан байна. Тэгвэл Монголын дотоодод өдөр бүр, цаг минутаар бүх зүйлийн үнэ өссөөр. Эсрэгээрээ үндэсний үйлдвэрлэл малын гаралтай түүхий эдийн ханш элсэн цаг мэт гоожсоор л байна. Иргэд талхыг биш төмсийг таллаж, будааг шанагадаж биш ширхэглэж авахад ойрхон байна. 

Хоёрдугаарт Г.Занданшатарын үед Монгол Улсын Их Хурал ямар ч нэр хүндгүй, үнэ цэнгүй болж хоцорлоо. УИХ-ын гишүүдийг захын мангар бацаан доромжилж чаддаг болчихож. Нөгөө “Төрийн минь сүлд өршөө” хэмээгээд сүслэн залбирч, сөгдөн мөргөдөг ард түмэн чинь шүү. Хэн дуртай нь п....... хараагаад пост оруулж байна. Монголын төр ийм үнэ хүндгүй юм уу. УИХ-ын 76 гишүүн байна уу, хорих 461-р анги уу гэдгийг ч нийгэм ялгахад бэрх болж. Ганц Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудал гарч ирэхэд л бараг арваад гишүүн нэр холбогдож хууль, хяналтын байгууллагаас шалгаж байна.

Иргэддээ адлагдсан, Засгийн газартаа базуулсан, бүх эрх мэдлээ төрийн бусад институцидээ алдсан ийм парламентаар Монголын ард түмэн яах юм. УИХ эрх мэдэлгүй. Дээр нь санаачилж, нэмэлт өөрчлөлт оруулаад байх хууль байхгүй ханачихсан энэ үед Засгийн газраа ажлуулаад УИХ тарвал таарна. Ийм байдлаар удаан явж тэсэхгүй. “Монголын төр сэхээнд байна. Ард түмэн сахиж байна” гэдэг билүү. Тэгвэл одоо “Монголын төр амь тавьж байна. Ард түмэн лам залахаар явж байна” гэдэг үг их ойрхон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)