Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нэг амиа хорлолтын араас олон амиа хорлолтын давлагаа үүсэх аюултай

Admin | 2022-04-24


Сүүлийн үед өөрийгөө шатаах, боомилох зэргээр амиа хорлох тохиолдол эрс нэмэгдэх болсон. Тэгвэл амиа хорлох шалтгаан нөхцлийн талаар СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч, АУ-ны магистр П.Энх-Учралтай ярилцлаа.

-Төв талбайд өөрийгөө шатаах, боомилж амиа хорлох зэрэг нийгмийг цочроосон хэрэг их гарах боллоо. Амиа хорлох үйлдэл гаргаж буй хүмүүс сэтгэцийн өөрчлөлттэй байх магадлалтай юу?   

-Амиа хорлолтыг хүн удаан бодож, төлөвлөсний дүнд хийдэг. Мөн амиа хорлох тухай бодол үүсчихсэн явж байгаад дахин ямар нэгэн сэтгэлзүйн гүн хямралд орвол тухайн бодлоо шууд хэрэгжүүлэхээр шийддэг гэж үздэг. Хүн нэг өдрийн өмнө ч юм уу эсвэл цагийн өмнө зүгээр инээж явж байгаад амиа хорлосон байх тохиолдол ч бий. Тэгэхээр гаднаа заавал хэцүү байгаа мэт харагдаж байж амиа хорлоно гэсэн үг биш юм. Амиа хорлосон хүмүүсийн дийлэнх хувь нь сэтгэл гутралд орсон байдаг. Сэтгэл гутралын гүн эмгэг гэхээсээ илүүтэйгээр тухайн хүнд асар их хэмжээний стресс, аливаа зүйлийг даван туулах сэтгэлийн хат буурснаар амиа хорлох үйлдэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэлийн хямралд орсон хүн амиа хорлох магадлал өндөр гэсэн үг.

-Тэгэхээр сэтгэцийн өөрчлөлтөөс илүү сэтгэлзүйн гутрал амиа хорлох шалтгаан болдог гэж ойлгох нь зөв үү?

-Амиа хорлолтын талаар Монголд болон гадаадын эрдэмтэд олон судалгаа хийсэн байдаг.

Судалгааны үр дүнгээс харахад жишээлбэл, 50 хүн амиа хорлосон байхад 98 хувь нь хямралд орсон үедээ, үлдсэн хоёр хувь нь л сэтгэцийн эмгэгтэй хүмүүс амиа хорлодог гэсэн судалгаа бий.

Тэгэхээр амиа хорлох үедээ заавал сэтгэцийн өөрчлөлтөд орсон байх албагүй гэсэн үг. Мөн өнөөгийн нийгэмд мөрийтэй тоглоомд ороод их хэмжээний өрөнд орсон, гэр бүлээсээ салсан гэх мэт стрессийн гаралтай амиа хорлолтын шалтгаанууд их гарч байна. Яг ийм хямралд орсон хүн өөр ямар ч гарц байхгүй мэт санагдаж арга мухардаж юм уу, сэтгэлийг нь өвтгөж буй зүйлийг даван туулж чадахгүй байх үедээ амиа хорлох замыг сонгох нь элбэг болж.

-Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5 дахин их байдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Энэ тухайд?

-Эрэгтэйчүүдийн хувьд хүмүүжил, соёл, нийгэмд эзлэх байр суурь, үүрэг оройлын хувьд эмэгтэйчүүдээс илүү хүчтэй мундаг байх ёстой гэсэн хүлээлтийг бичигдээгүй хууль байдлаар үүсгэдэг учир тэдэнд өндөр шаардлагыг үүсгэдэг. Алдаа гаргах эрхгүй мэтээр хандах үе ч хааяа гаргадаг. Цаашлаад сэтгэлийн зовнилд автах үедээ түүнийгээ даван туулах чадваргүй байгаа нь сул доройн шинж гэх мэтээр хандаж байдаг. Эрчүүдийн хувьд бусдад сул дорой харагдахгүй байх гэсэндээ сэтгэл, дотоод мэдрэмжээ ил гаргаж бусдад ярих зориггүй болчихсон байдаг. Эсрэгээрээ амиа хорлох зориг илүү төрж байдаг. Мөн нэр хугарахаар яс хугар гэх мэт хүнд муугаа үзүүлэхгүй байхыг далдаар сурталчилсан монгол ахуйн соёлын ойлголтууд олон байдаг. Энэ нь эрчүүдэд сэтгэлийнхээ дотоод үйлдлээ нуухад илүү сөрөг нөлөө үзүүлдэг. Асуудлаа даван туулах аргаа хэн нэгэнтэй зөвлөлдөх нь эрчүүдэд маш дутмаг байдаг.

-Хүмүүсийн амиа хорлолтын шалтгааны сонсоод хүмүүс сэтгэлийн хатгүй юм гэж ярьдаг. Үнэхээр сэтгэлийн хатгүй хүн амиа хорлодог гэж дүгнэх нь өөрөө хэр оновчтой вэ?

-Сэтгэлийн хат гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал аливаа асуудлыг даван туулах болон дасан зохицох чадвар гэж үзнэ. Энэ нь хүний өөрийн өгөгдөл буюу потенциал гэж үзэх ч нөгөө талдаа бид хэн байхаас үл хамаарч ямар нэгэн давж чадахааргүй зүйл тохиолдож болно шүү дээ. Энэ үед хэн нэгнээс тусламж эрэх чадвартай байх болон өөрөө өөрийгөө дайчлах чадвар нийлж хүнд сэтгэлийн хатыг бий болгоно гэсэн үг. Бидний нийгэмд бусдаас тусламж гуйх чадварыг тухайн хүн өөртөө төдийлөн суулгаж чадаагүй, багаасаа л бүх асуудлаа өөрөө шийдэх ёстой мэтээр төлөвшчихсөн үед яг өөрийнх нь бие дааж ганцаараа шийдэж чадахааргүй асуудал тулгарахад арга мухардсандаа амиа хорлох сонголтыг хийсэн байдаг. Болохгүй бол бусдаас асуу, асуудлаа хэн нэгэнд хэл, зөвшилц бас зөвлө.

-Амиа хорлолтын талаар мэдээлэх нь зөв үү. Мэдээлэх нь сэрэмжлүүлэг болж чадах болов уу?

-Амиа хорлолтын талаар ярьж, мэдээлэх нь нэг талаар зөв байдаг. Тэгснээр ойрын хүмүүсээс амиа хорлох сэдэлтэй хүн байгаа эсэхийг мэдэж авна. Түүнээс зоригтойгоор асууна. Тэгж байж тухайн хүний амь насыг хамгаалж авч үлдэх боломжийг олно. Нөгөө талаар амиа хорлолтын үйл явцыг хэт дэлгэрэнгүй мэдээлэх нь амиа хорлох тухай бодож явсан хүмүүст сэдэл болох эрсдэлтэй. Мөн нэг амиа хорлолтын араас олон амиа хорлолтын давлагаа үүсдэг гэж үздэг. Амиа хорлосон үйл явцыг хэрхэн үйлдсэнийг мэдээлэх талаар хэвлэл мэдээллийнхэнд зөвлөдөггүй. Харамсалтай нь манай хэвлэл мэдээллийнхэн хандалт авах зорилгоор нэг бүрчлэн дүрсэлж бичдэг нь харамсалтай санагддаг.

                                                                                                                                                              А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)