Б.ЖАРГАЛСАЙХАН: Хэрэг бүртгэлтийн хэргээр нэмж орж ирэх гишүүд байхгүй

Admin | 2022-04-27


  Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар тодруулга өгсөн юм.

-УИХ-ын дөрвөн гишүүнийг ямар үндэслэлээр түтгэлзүүлэх хүсэлт өгсөн бэ?

- УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-аар оруулсан. УИХ-д гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хоёр үндэслэл байдаг. Нэгдүгээрт, мөрдөн шалгах байгууллагаас тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгөх үндэслэлтэй. Хоёрдугаарт, прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад нь ажлыг нь хийх боломж олгох ёстой. Тиймээс хуулийн байгууллагын шалгалтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан.

-Дээрх гишүүдийг тус бүр ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ. Тухайлбал, Н.Алтанхуяг гишүүн 9 жилийн өмнөх асуудлаар түтгэлзүүлэх хүсэлт оруулсан байна гэсэн?

-Нэр бүхий дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас санал ирүүлсэн. Үүнийг прокурорын байгууллагаас хянаж “Үндэслэлтэй байна” гэж үзсэн учир яллагдагчаар татаж буй юм. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлээр яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан тогтоолтой гишүүд танилцаж байгаа. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад гишүүд хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь шалгалтын явцад нууцлалтай байдаг учир хэргийн хохиролтой холбоотой нарийн мэдээллийг хэлэх боломжгүй.

-Дөрвөн гишүүнээс гадна өөр гишүүдийн нэрийг оруулж ирэх үү. Хөгжлийн банктай холбоотой 30 улстөрч байгаа гэж мэдэгдсэн шүү дээ?

-Нэр бүхий УИХ-ын гишүүд өөрсдийгөө “буруугүй” гэж байгаа бол “буруугүй” гэдгээ өөрөө буюу өмгөөлөгчөөрөө дамжуулж, мөрдөх байгууллагад илэрхийлэх ёстой. Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэл байна. Хэрэг бүртгэлтийн хэргээр нэмж орж ирэх гишүүд байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл, УИХ-ын тухай хуулийн 9.8-аар гишүүнийг нэгжих, баривчлах, үзлэг хийхээс бусад байцаан шийтгэх ажиллагааг хориглодог. Тийм учраас Хөгжлийн банктай холбоотой хэргийн  мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир ямар нэгэн байдлаар гишүүнтэй холбоотой хөрөнгө битүүмжлэх, үзлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирэх юм бол гишүүний бүрэн эрхийн асуудал яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар 31 ажиллагаа байна. Прокурорын зөвшөөрлөөр 18, мөрдөгч дангаараа хийдэг 13 зөвшөөрөл байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)