УИХ-ын гишүүн Г.Дамдинням Хөгжлийн банкны хэргээс сугарч үлдэх нь тодорхой болов уу?

Admin | 2022-04-27


  Улсын ерөнхий прокуророос Хөгжлийн банктай холбоотой УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарыг түдгэлзүүлэхээр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж тодорхой шийдвэрт хүрсэнгүй. Өнөөдөр ахин хуралдахаар болов.  Гэхдээ Хөгжлийн банкны хэрэг сөхөгдөхөд л нэр нь холбогдсон зарим гишүүдийн нэр орж ирсэнгүйд олон нийтийн анхаарлыг татав.

Тухайлбал, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хувьд Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг зээлсэн “Вертекс майнинг партнер” ХХК-тай хамааралтай хэмээн хэдэн сар яригдаж байгаа учир түдгэлзүүлэх гишүүдийн нэрс дунд байх нь зүйн хэрэг. Харин эдгээр гишүүдтэй үргэлж нэр хамт дурдагддаг холбоотой морь шиг явсан УИХ-ын Боловсрол, соёл, спортын байнгын хорооны дарга Г.Дамдиннямын нэр орж ирсэнгүйд олон нийтийн хардлагыг төрүүлэв. Анх Хөгжлийн банкны асуудал ил 33 тэрбумын хэрэгт дээрх гурван гишүүн холбогдсон.

Г.Амартүвшин гишүүний хувьд Хөгжлийн банкны захирлаар ажиллах хугацаандаа давуу байдлаа ашиглаж найзуудынхаа компанид зээл авч өгсөн хэмээн хэрэгт холбогдож буй. Харин Х.Ганхуяг, Г.Дамдинням нар “Вертекс майнинг партнер” компани болон бусад хувьцаа эзэмшдэг компаниудаараа ургийн мод шиг холбогдсон хоёр. Уг хэргээс салгаж ойлгохын аргагүй хоёр хүний нэгийг нь юуны учир үлдээв. Тэгээд ч МАН-аас Хөгжлийн банктай холбоотой 9 гишүүнээ АТГ-т шалгуулах үүрэг өгч байлаа. Үүний дотор Г.Дамдиннямын нэр байсан билээ.

Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авсан “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Хашчимэг УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгч. Уг компанийн толгой компани нь “Глобал майнинг сервис” ХХК.  Толгой компанийн захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэн ажилладаг. Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Топ майнин солюшнс” ХХК-ийг УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэнтэй хамтран эзэмшдэг гээд тэдний хэлхээ холбоо дуусахгүй. Тэгэхээр салж хагацахын аргагүй хэлхээ холбоотой амьдарч ирсэн хоёр гишүүний нэг нь чухам яагаад сугарч үлдэв. Аль нэг нь үлдэж орон зайгаа хадгалж байж ирээдүйд төлөвлөсөн ажлаа амжуулахаар тохиролцов уу, эсвэл түшиж тулах артай нь үлдэж, танил багатай нь түлхэгдэв үү...

Учир нь түүнийг МАН-ын удирдлагуудын ивээлд байдаг гэх яриа ч гарах болж. Ямартай ч Улсын ерөнхий прокурорын мэдээллээс харахад “Хэрэг бүртгэлийн хэрэгт нэмж орж ирэх гишүүн байхгүй” хэмээн хэлсэн. Тэгэхээр Г.Дамдинням Хөгжлийн банкны хэргээс сугарч үлдэх нь тодорхой бололтой.

Ташрамд дурдахад Г.Дамдиннямын хувьд 2020 оны сонгуулиар Дарханаас УИХ-д сонгогдсон. Тэрбээр тэр намраа ковидын хатуу хөл хориотой үеэр “Замын цагдаа намайг УИХ-ын гишүүн гэж мэдэхгүй байна. 30 минут зогсоолоо” хэмээн чуулганы хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт гомдолж байсан удаатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)