Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулав.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрлийг QR систем рүү шилжүүлнэ. Ингэснээр аймгаас заавал хотод ирж тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Газрын мэдээлэл тавдугаар сарын 1-нээр эцэслэнэ. Хаана байрлалтай хэдэн га газар, ямар аж ахуйн нэгж, хэр хугацаанд зөвшөөрөл авсан бэ гэдгийг нээлттэй, ил тод болгож байна. Иргэд тухайн компанийн регистрийн дугаараар нэвтэрч, эзэмшилтэй холбоотой мэдээллийг авах боломжтой. Бид тусгай зөвшөөрлийг зураглалаар гаргаж, бүх мэдээллийг ил тод болгоно. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын компаниуд жуулчин огт хүлээж аваагүй. БНСУ 27 сая жуулчинтай. Судагаагаар үүнээс 16 сая нь Хятад болон ойролцоо улсуудад жуулчилдаг байна. Өнгөрсөн 2019 онд 16 сая жуулчнаас Монголд хамгийн их буюу 500 орчим мянган жуулчин ирсэн. Энэ жил энэ тоондоо хүрэхээр хичээн ажиллах зорилт тавьсан. БНСУ-аас ирсэн хүсэлтийг үндэслэж, Засгийн газраас Өмнөд Солонгосын жуулчдыг визгүй зорчуулах асуудал шийдэгдэж байгаа. Бид зөрүүлээд монгол иргэд болон бизнесийн байгууллагуудыг визний ямар горимд шилжүүлэх талаар хэлэлцэж байна. Өмнөд Солонгосоос ойрын гурван жилийн дотор хамгийн багадаа 577 мянган жуулчин ирэх боломжтойг Элчин сайдын яамнаас хэлсэн. Мөн Буриад, Японы талтай аялал жуулчлалын чиглэлээр хэлэлцэж байна” гэв.