Цусны цагаан эсийн хорт хавдар туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн эцэг эх өнөөдөр Төв талбайд мэдээлэл хийлээ. Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хавдар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахин сэдэрсэн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Гэвч тус хагалгааг Монголд хийх боломжгүй аж. Харин Турк улсад хийлгэхэд 520 сая төгрөгийн өртөгтэй юм байна. Түүнчлэн хүүгийн донор болохоор түүний 9 настай эгч, 2 настай дүү нь шинжилгээгээ өгчээ. Ингээд Б.Тэмүүлэн хүүгийн аав Н.Батзулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та бидэнд хүүгийнхээ эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Одоо эхнэр, гурван хүүхдийн хамт Ховд аймагт амьдарч байна. Манай дунд хүү болох 6 настай Б.Тэмүүлэн гурван настайдаа цусны цагаан эсийн хорт хавдар гэсэн онош тогтоогдсон. Энэ өвчинтэйгөө тэмцсээр өдийг хүрлээ. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн боловч үр дүнд хүрч чадаагүй, хавдар нь дахисан учир хагалгаа хийлгэхээс өөр боломжгүй байдалд хүрлээ. Хагалгааг Монголд хийх боломжгүй гэсэн. Харин судалж үзэхэд Турк улсад хийдэг юм байна. Гэхдээ 520 сая төгрөг шаардлагатай гэсэн. Тиймээс хүүгийнхээ хагалгааны мөнгийг олохын тулд янз бүрийн арга хайж явна.
-Донор болохоор 2 настай охин дүү нь шилжилтээ өгсөн гэсэн үү?
-Хүү маань 9 настай эгч, 2 настай дүүтэй. Эгч дүү хоёрынх нь хувьд донорт аль нь илүү тохирохыг Нэгдүгээр эмнэлэгт өгсөн шинжилгээний хариунаас үндэслэн шийднэ гэсэн.
-Ийм жаахан хүүхдүүд донор болбол аюултай биш үү?
-Уг нь эмнэлгийн зүгээс донор болсон хүнд ямар ч гаж нөлөө байхгүй гэж хэлсэн. Гэхдээ л мэдээж ийм жаахан амьтдыг донор болгоно гэдэг амаргүй. Эхнэр бид хоёр яах учраа олохгүй сэтгэл үнэхээр хүнд байна.
-Хандивын аян өрнүүлж байгаа гэсэн. Хандив нь ямар хэлбэрээр явагдаж байгаа вэ?
-Хандивын хайрцаг явж байна. Мөн 21 аймгаар бал зарах аяныг эхлүүлсэн. Би өөрөө Ховд аймагтаа “Монгол Эм Импэкс Концерн” гэх эм ханган нийлүүлдэг компанид ажилладаг. Манай компани 21 аймагт салбартай учраас салбаруудаараа бал зарах аяныг эхлүүлсэн байгаа.
-Эмчилгээний зардал 500 сая төгрөг шаардлагатай гэлээ. Одоогоор хэчнээн төгрөг цугласан байна вэ?
-Бид байгаа эд хөрөнгөө зараад, ажлын газрын хамт олон, ах дүү хамаатан саднууд дэмжиж байгаа ч тэр их мөнгийг цуглуулахад хугацаа их шаардаж байна. Одоогоор 100 гаруй сая төгрөгийг цуглуулаад байна. Яаж ч хичээгээд ийм их мөнгийг олж чадахгүй учраас өнөөдөр ингээд ард түмэнд хандаж тусламж хүсч байна. Монголын ард түмэн минь бяцхан хүүд минь туслаач. Бидний бяцхан үрсийн төлөө хандивын гараа сунгаач. Бид үр хүүхдээ эрүүл саруул болгоод эх орондоо ихийг хийж бүтээг сайн хүн болгоно гэж амлаж байна.
-Хандивт хэрхэн нэгдэж болох вэ?
-Миний хүүд тусалж тусламжийн гараа сунгах сайхан сэтгэлт хүмүүс бидний постер дээр байгаа утсаар болон фэйсбүүк хаягаар холбогдоорой. Хүрэлцэн ирж амжихгүй бол бид хаа байгаа газарт тань очиход хэзээд бэлэн байгаа шүү, та бүхэндээ маш их баярлалаа.
Тус гэр бүлд туслахыг хүсвэл ХААН БАНК 5845426180 Н.БАТЗУЛ гэсэн дансаар хандив өргөнө үү. Мөн 99242250, 98129988 дугаараар холбогдоно уу.