УИХ-ын 4 гишүүнийг түтгэлзүүлээгүй нь МАН-ын хоёр хуваагдлыг илтгэв үү?

Admin | 2022-05-01


   МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нам доторх авлигач нартайгаа хатуу тэмцэхээ байнга хэлж байгаа. Гэвч тэдний хатуу тэмцэл бодитоор харагдсангүй. Харин ч нам дотооддоо хагаралтай гэдгийг илтгэсэн явдал боллоо.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдсон УИХ-ын 4 гишүүний нэрийг түтгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн. Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын Дэд хороо хуралдаад дээрх гишүүдийг түтгэлзүүлэхгүй гэдгээ зарлалаа. Дээрх дөрвөн гишүүний 3 нь МАН-ын гишүүд. Угтаа МАН авлигачдын эсрэг хатуу тэмцэнэ гэсэн болохоор нийгэм эдгээр гишүүдтэй одоо л хариуцлага тооцох нь гэсэн хүлээлттэй байлаа. Гэвч анхан шатны хэлэлцүүлэгээр л УИХ руу оруулахгүйгээр шийдвэр гаргав. Үе үеийн УИХ-ын гишүүд авлига, хээл хаахуулийн гэмт хэрэгт холбогдоод ялаас хөнгөхөн мултардаг, бүр ширээ сандалтай үлддэг болохыг сүүлийн хэдэн жил бишгүй л харлаа. Гэвч энэ удаагийнх бүр улайм цайм явдал болж байна.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байнга л “Авлигачидтай хатуу тэмцэнэ. Би ганцаардаад байна. Надтай хамт байгаарай ард түмэн минь” гэдэг учраас одоо л нэг юм хонгилын үзүүрт гэрэл асах нь гэсэн итгэл нийгмийн дунд байлаа. Гэвч намын дарга нь амлав ч, намын гишүүд нь өөр үзэл бодолтой явдаг бололтой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газар эрх мэдлийг гартаа атгаж УИХ ажлаа хийж чадахаа больсон гэх шүүмжлэл ч гараад буй. Тэгвэл УИХ эсвэл Засгийн газар гэсэн ойлголт үүсэх болж. Мэдээж УИХ-ын олонх нь МАН. МАН-ын УИХ дахь гишүүд Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргынхаа эсрэг байр суурьтай ажиллах болсон гэх яриа ч саарал ордонд гараад эхэлж. Бүр цаашилбал, Засгийн газар унах уу, УИХ унах гэдэг дээрээ асуудал тулсан гэх.

Ямартай ч ард түмэн МАН-аас юу ч хүлээх хэрэггүй болжээ. Авлигачдад хариуцлага тооцуулах, шударга ёс нэхээд нэмэргүй болсон бололтой шүү.

                                                                                                                                                                                    Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)