С.Энхболд: Хоёр өдрийн дотор 5117 хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдаад байна

Admin | 2022-05-03


   Эрүүл мэндийн сайд С.Энхболд тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эхний гурван жилд жил тутам иргэдийг эрт илрүүлэг үзлэгт хамруулна. Ингэж байж богино хугацаанд үр дүн гарна. Үүний дараа хоёр юм уу, гурван жил тутамд тодорхой шинжилгээний багцуудыг гаргахаар төлөвлөж байна. Эхний хоёр жилд мэдээж  эрүүл мэндийн салбар ачаалалтай ажиллана.

Эрт илрүүлэг хийгээд өвдөхөөс өмнө нь оношилбол тухайн хүний эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлнө. Түүнчлэн эмнэлгийн зардлыг бууруулж, томоохон дататай болно. Үзлэг оношилгоог хийснээр бодлогын баримт бичгүүд гарна.

Багцын шинжилгээ зонхилон тохиолддог өвчлөл рүү илүү чиглэсэн. 15-69 насны гурван иргэн тутмын нэг нь, 45-69 насны хоёр иргэний нэг нь өвдөж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин илүү өвчилдөг. Эмэгтэйчүүд жилд дунджаар гурван удаа эмнэлэгт ханддаг бол эрэгтэйчүүд бага байдаг.

Хоёр өдрийн дотор улсын хэмжээнд 5117 хүн эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Уг төсөлд 60 тэрбум төгрөг зарцуулна. Нэг эмнэлэг өдөрт 40-60 хүлээж авахаар зохион байгуулалт хийгдсэн. Иргэд эрүүл мэндийн байгууллагаас урилга ирсний дараа үзлэгт хамрагдана.

Иргэнд ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд заавал урилга хүлээхгүйгээр эмнэлэгт үзүүлж болно. Түүнчлэн насны бүлгийнхээ бүх багцын шинжилгээг заавал өгөх шаардлагагүй.

Халдварт бус өвчинтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар болгон долоон ам.долларын үр өгөөж өгдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа гарсан" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)