Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2022 оныхоо төсвийн хуульд хоёр дахь удаагаа гар хүрэв. Уг нь хэдэн удаа тодотгох нь тухайн Засгийн газар, УИХ-ын шийдэх асуудал. Гэхдээ Төсвийнхөө хуульд хэдий чинээ гар хүрнэ төдий чинээ чадамжгүй төр байна гэдгийг нотолж байгаа хэрэг. Ямартаа ч Л.Оюун-Эрдэнийн кабинетийн 16, Г.Зандшатар болон түүний танхимын 76 гишүүн нийлж байгаад хоёр удаа төсвөө тодотгочихлоо. Үүнээс цааш гурав, дөрөв дэх удаагаа төсвийн тодотгол ярих юм бол эдгээр нөхөд төр барих ямар ч чадамжгүй нь тогтоогдож Засгийн газрыг өөрчлөн байгуулах, улмаар УИХ-ыг тараах тухай асуудлыг хөндөх үндсэн суурь нь болно. Түүхэндээ монголчууд төсвөө гурван удаа тодотгож байсан түүх үгүй ч энэ удаа магадлал өндөр байна. Учир нь төсвийн алдагдал 2 их наяд төгрөгөөр батлагдсаныг тэд залруулаагүй. Хэнээс хоёр их наяд төгрөг зээлэх вэ гэдгээс эхлээд цаашид бодох асуудал олон байх нь, энэ Засгийн газарт.
Сүүлийн тодотголыг харахад гялтайх ганцхан зүйл байсан нь төрийн албаны шаардлагагүй орон тоог цомхотгох тухай байв. Сүүлийн 30 жил зардал дээр зардал нэмж, үрэлгэн төрийн үлгэр жишээ болж байсан төрийн байгууллагуудын дэд дарга хэмээх сэтрийг үндсэндээ халж байгаа юм байна. Энэ цомхотголоор 200 гаруй дэд дарга гэдэг албан тушаал алга болно. Үүнийг дагаад цалин, унаа, унааны зардал, утасны төлбөр, хоолны мөнгө гээд бага боловч хэдэн төгрөг хэмнэнэ гэж Засгийн газар үзжээ.
Харин албан тушаал нь алга болсон 200 гаруй дэд дарга хаачих вэ гэдэг том асуулт урган гарч байна. Л.Оюун-Эрдэнэ сайд энэ асуултад онцгойлон анхаарах шаардлагатай ч байж магадгүй. Учир нь цомхотголд өртсөн 200 гаруй дэд дарга доод тушаалын дарга нараа мөргөж, албан тушаалыг нь булааж авахаар яриа төрийн байгууллагуудад тарж газар, хэлтсийн даргаас эхлээд мэргэжилтнүүд хүртэл ажилгүй болчихвий гэсэн айдаст автчихаад байгаа юм байна. Цомхотголд орсон дэд дарга нь газрын дарга болж, газрын дарга нь хэлтсийн дарга болж, хэлтсийн даргаа мэргэжилтэн болгохоор төрийн байгууллагууд зохицуулалтаа хийж эхэлсэн сураг байна.
Эцсийн дүндээ хэмнэлтэд өртсөн дарга нар бус хэдэн цэвэрлэгч, үйлчлэгч л ажлаасаа хөөгдөөд өнгөрөх вий. Шийдвэр гараад долоохон хонож байхад төрийн байгууллагуудад чинь хөл толгойгүй бужигнаан эхэлчихээд байна, Ерөнхий сайд аа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13