ЗӨВЛӨМЖ-1: Виртуал арилжаанд оролцохдоо нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?

Admin | 2022-05-08


 “MNCERT/CC” ТББ-тай хамтран виртуал арилжаанд оролцож буй иргэдэд аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар зөвлөгөөг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар виртуал арилжаанд оролцож буй хүмүүст хувийн мэдээллээ хамгаалахдаа дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна.

         Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй биржүүдийн аюулгүй байдал хэр хангагдсан байдаг вэ?

Виртуал хөрөнгийн биржүүдийн аюулгүй байдал харилцан адилгүй. Харьцангуй удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан, хууль эрх зүй, аудит, эрсдийн комплаенс мөрдөх ёстой нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бол тухайн бирж нь аюулгүй байдлын тусгайлсан багтай, тогтмол хяналттай байх нөхцөл бүрдсэн байдаг гэж ойлголж болно. Тиймээс олон улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон биржүүд аюулгүй байдлаа зохих түвшинд хангасан байдаг. Харин шинэ жижиг, хууль эрх зүйн зохицуулалт багатай газар ажиллаж байгаа биржүүд аюулгүй байдал сул байх магадлал өндөртэй. Нөгөө талаас бирж нь хэрэглэгчийн виртуал хөрөнгийг хадгалах, удирдах хэлбэрээсээ хамаараад аюулгүй байдлын эрсдэл нь бирж гэхээсээ илүүтэй, хэрэглэгч рүүгээ шилжих тохиолдол байдаг. Энэ тохиолдолд бирж биш эцсийн хэрэглэгч аюулгүй байдлаа хангах нь илүү чухал болж хувирдаг.

Нууц үгээ хэрхэн алдахгүй байх вэ?

Виртуал арилжаанд оролцож байгаа хүн өөрийн нэвтрэх нэр, нууц үг гэх мэт эмзэг мэдээллээ хамгаалахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

  • Биржээс санал болгож буй нэмэлт баталгаажуулалтын механизмыг тохируулах (MFA, 2FA, email verification etc)
  • Орлого, зарлага гэх мэт үйлдлүүд дээр боломжтой алерт, мэдэгдлүүдийг өөрийн шаардлага хэрэгцээнд тохируулан тавих
  • Өдрийн арилжааны лимит болон зарлагын лимит тохируулах боломжтой бол түүнийг өөрийн шаардлага, эрсдэлийн аппетитдаа тохируулах
  • Биржийн платформ нь төхөөрөмж, IP хаяг бүртгэх боломжтой бол төхөөрөмж, IP хаягаа зөвшөөрөгдсөн жагсаалт руу нэмэх
  • Орлого, зарлага хийх банкны данс болон крипто хэтэвчийн хаягаа зөвшөөрөгдсөн жагсаалт руу нэмэх. Зөвшөөрөгдсөн жагсаалтаас өөр хаяг, данс руу зарлага гарах эсвэл орлого орох үед блоклох
  • Нийтийн хандалт бүхий (internet cafe, нийтийн номын сан гэх мэт) төхөөрөмжөөс өөрийн крипто бирж рүү нэвтэрч орохгүй байх. Хэрвээ таны имэйлийг ашиглан крипто хаяг руу тань нэвтрэх, нууц үг сэргээх эрсдэлтэй бол тухайн имэйл хаягаараа нийтийн хандалттай төхөөрөмжөөс нэвтэрч орохгүй байх
  • Албан ёсны бус програм хангамж хэрэглэхгүй байх(crack хийсэн)
  • Эх сурвалж нь тодорхойгүй, сэжигтэй файлыг интернэтээс татаж авахгүй байх
  • Нэвтрэх нэр, нууц үгээ хийж буй сайтынхаа үнэн зөв эсэхийг тогтмол шалгаж байх (жижигхэн ногоон цоожны логотой байх нь хамгийн энгийн түвшинд тухайн сайт нь сервертэй нууцлалтай холболт үүсгэснийг илтгэж, тухайн сайт албан ёсны байх итгэл үнэмшлийг нэмэгдүүлнэ)
  • Эх сурвалж нь тодорхойгүй, их хэмжээний өгөөж, зээл, мөнгөн урамшуулал амласан мэдээллийн дагуу хандалт хийх (нэвтрэх нэр, нууц үг оруулах) зэргээр өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх

Түүнчлэн аливаа сувгаар ирсэн нэвтрэх нэр, нууц үг хүссэн мэдээлэлд өөрийн нууц мэдээллийг оруулахгүй байх. Бирж нь хэзээ ч хэрэглэгчээсээ нууц үгээ оруулах, нэг удаагийн нууц кодоо илгээхийг, хэлэхийг утас болон имэйл гэх мэт аливаа сувгаар харилцагчаасаа хүсдэггүй гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй.

  • Хэрвээ халдлагад өртсөн байх магадлалтай бол бирж рүүгээ холбогдож хаягаа царцаах, аливаа орлого, зарлагын үйлдэлд хориг тавих хүсэлт дариу илгээх хэрэгтэй.

                         

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)