С.Энхболд: Швейцарын эм үйлдвэрлэгч компанитай хийсэн гэрээний хүрээнд 20 төрлийн эм оруулж ирнэ

Admin | 2022-05-09


   Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзсан.

 

Нэг эрүүл мэндийн байгууллагад өдөрт 40-60 хүн эрт илрүүлэгт хамрагдана

Энэ үеэр тэрбээр "Улсын хэмжээнд 3.4 сая иргэнээс 297,000 хүн эрүүл мэндийн даатгал төлөөгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

Эрүүл мэндийн даатгалын төлбөр сарын 4,200 төгрөг, жилийн 50,400 төгрөг байдаг. Бидний зүгээс тухайн иргэдийг эрүүл мэндийн даатгалаа төлөөд, урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдахыг тогтмол зөвлөж байгаа.

Урьдчилан сэргийлэх үзлэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд өдөр бүр нэг эрүүл мэндийн байгууллага 40-60 хүнийг үзэхээр төлөвлөсөн. Үзлэг оношилгоог илүү хүртээмжтэй, чанартай байлгахаар ийм зохицуулалт хийлээ. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэнд ямар нэг эмгэг илэрвэл дараагийн шатлал буюу нарийн шинжилгээ хийлгэх шат руугаа шилжинэ" гэлээ.

 

Манай улс Швейцарын эм үйлдвэрлэгч компанитай хийсэн гэрээний хүрээнд ЭМД-ын хөнгөлөлтөд багтдаг 20 төрлийн эмийг оруулж ирнэ

Харин манай улсад борлуулагдаж буй эм тарианы чанарыг асуудалд "Манай улсад 1995 оноос хойш дотоодын болон гадаадаас оруулж ирж буй эм бүгд хувьд байсан. Үүнд хяналт тавих зорилгоор 2021 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэж 132 хүнтэй, байцаагчтай агентлаг байгуулсан юм. Тус агентлаг нь эмийн чанар, үнэд хяналт тавих чиг үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, эмийн чанарт хяналт тогтоодог байгууллага Эрүүл мэндийн яамны дэргэд ирсэн гэсэн үг. Түүнчлэн бид олон улсын стандарт шаардлагыг хангасан эмийг дотоодод үйлдвэрлэхийг зорьж байгаа.

Нэмж хэлэхэд, Засгийн газраас шууд үйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа.

Тухайлбал, манай улс Швейцарын "Новадс" гэх компанитай нэг жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээний хүрээнд тус компаниас бид зайлшгүй шаардлагатай, ЭМД-ын хөнгөлөлтөд багтдаг 20 төрлийн эмийг оруулж ирэхээр болсон. Эхний ээлжийн эмүүд зургаадугаар сарын эхээр орж ирнэ.

Засгийн газар өөрөө ийм гэрээ хийж байгаа нь чанартай эмийг нэг доллароор оруулж ирэх боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг.

Бид ийнхүү гэрээг хийж өгсний дараа манай улсын ханган нийлүүлэгч байгууллага, тээвэр ложистикийн компаниуд эмийн сангуудаар түгээж борлуулах боломжтой болж байгаа" хэмээн ярьсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)