Хөшөөгөөр эхлээд хөшөөгөөр дуусах ЗАСАГ

Admin | 2022-05-10


  Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд байрлах “Алунгоо эх”-ийн хөшөөг нураажээ. Оронд нь хэдэн зуун саяар бурханы баримал барихаар төлөвлөсөн байна. Аймгийн Засаг дарга болсон хүн хэнд ч хэрэггүй хөшөө эсвэл орох, гарах хаалга барьж төсвийн мөнгийг хүйтэн цементэнд зарцуулдаг имиджтэй болоод удаж байна. Энэ нь тэдний мөнгө идэх тогтсон хэлбэр гэхэд буруудахгүй.

Яг үүний тод жишээг Сүхбаатар аймгийн удирдлага баталлаа. Тодруулбал аймгийн 80 жилийн ойгоо угтаж домогт Алунгоо эхийн хөшөөг буулгаж оронд нь өөр нэг хөшөө барихаар зэхэж байгаа аж. Энэ талаар нутгийн иргэд бухимдлаа илэрхийлээд эхэлжээ.

Иргэд “Баруун-Урт  хотын  төв Дөрвөлж толгой дээрх цэцэрлэгт хүрээлэнд  барьсан  Алунгоо эхийн хөшөөг нурааж, трактороор индүүдэж хаяжээ. Оронд нь хэдэн зуун саяар тогтохгүй үнэтэй бурханы баримал барих гэнэ. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн загварыг 2006 онд зураач Ё.Бадарч гаргаж хөшөөг нутгийн уран бүтээлч Ц.Энхтайван бүтээсэн байна. Хөшөөнд О.Дашбалбар, Д.Нямсүрэн  нарын шүлгээс сийлсэн байдаг, эв эеийн билэгдэл болсон бүтээл юм. Тэгж л их нутаг орондоо юм хиймээр санагдаад байсан юм бол Алунгоо эхийнхээ хөшөөг тордож янзлаад утгаар нь цэцэрлэгт хүрээлэнгээ хийхгүй дээ. Хүний оюуны бүтээлийг хэлэх ч үгүй нэг шөнийн дотор буулгаж нураах хэрэг байсан ч юмуу. Соёлын өвийн тухай хуулиа уншиж судалж мэддэггүй нөхдүүдээс хариуцлага нь тооцох нь зөв байх” хэмээн бичжээ.

Хөшөөний асуудал төрийн ордонд ч түмний дунд ч төрийн бодлогоос илүү ач холбогдолтой бололтой. Төрийн ордонд өнгөрсөн намар гэхэд л “Богд Зонхова”-ын хөшөө босгоно гэж нэр бүхий УИХ-ын гишүүд ярьж олны шүүмжлэлийг дагуулаад авсан. Одоо орон нутагт ахиад нэг бурханы өшөө. Хоёр, гурван тэрбумаар хөшөө бариад буцааж нурааж төсвийн мөнгөөр нааддаг Ерөнхий сайд нь сайн үлгэр жишээ болжээ. Үүний гороор одоо 21 аймагт хөшөө нурааж, хөшөө барих давалгаа эхэлсэн бололтой...

                                                                                                                                                                                    Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)