Банкны хувьцааг олон нийтэд санал болгох замаар банкны өөрийн хөрөнгийг бэхжүүлж, хувь нийлүүлэгчийн төвлөрлийг сааруулах зорилго бүхий банкны салбарын шинэчлэлийн стратегийг УИХ-аас баталсан билээ. Тэгвэл банкууд энэ оны зургадугаар сарын 30-нд багтаан хувьцаагаа анхдагч зэх зээлд арилжиж, нээлттэй хувьцаат болгохоор зохицуулалт ороод байсан бол Олон улсын валютын сангаас хувьцааг санал болгох буюу IPO гаргах хугацааг хойшлуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Энэ талаар Санхүү эдийн засгийн сургуулийн ахлах багш Ч.Өнөржаргалаас тодрууллаа.
-Сүүлийн хэд хоног банкууд IPO гаргах тал дээр нэлээн маргаантай байлаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь бэлтгэл дутуу байгаатай холбоотойгоор IPO гаргах асуудлыг хойшлуулаад байна. Хоёрдугаарт бүгд эцсийн буюу сүүлийн хугацаандаа дөхчихсөн учраас бүх банкан зэрэг IPO гаргах юм бол хувьцааны зах зээлийн үнэ ханш болон бусад зүйлд нөлөөлнө. Тийм учир таван том банк тавуулаа зэрэг IPO хийхэд бэрх. Мөн бэлтгэл ажлыг хангуулах үүднээс хугацаа зааж өгч байгаа. Энэ хооронд банкууд IPO гаргахад бэлэн болсон компаниасаа эхлээд IPO гаргах юм байна гэж харж байна.
-Дэлхийн банкнаас IPO гаргаснаар үүсэж болох эрсдэлийн үнэлгээг гаргасан. Манай улсын хувьд IPO гаргаснаар үүсэж болох эрсдэл юу байна?
-Эрсдэл мэдээж байгаа. Тухайн банкны бэлтгэл, болзол дутуу байх, анхны үнэлгээ хийлгэсэн мэдээлэл үнэн зөв эсэхээс хамаарч хувьцааны үнэ хэрхэн тогтохоос эрсдэл эхэлнэ. Олон банкууд зэрэг IPO хийж нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх эсэх нь эргэлзээтэй. Мөн IPO гаргаж буй компаниудаас хэд нь амжилттай цаашаа бизнесээ эрхлэх үү, хэчнээн компанид эрсдэл учрах уу гэдгийг урьдчилж харах боломжгүй учир эрсдэлийн хувьд өндөр даацтай байгаа.
Нэг компанид эрсдэл учирвал бусад нээлттэй хувьцаат компанийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөх сөрөг үр дагаврууд бий.
-IPO гаргаснаар эдийн засгийн хувьд ямар ямар давуу талтай вэ?
-Компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжирна. Засаглал сайжирснаар тухайн компанийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод болох юм.
Компанийн хувьцаа эзэмшлээр дамжин менежментэд гадаад болон дотоодын чадварлаг экспертүүд орж ирэх боломжийг бүрдүүлэх юм.
-Тэгвэл хувьцаа эзэмшигчийн хувьд ямар давуу байдал үүсэх вэ?
-Зөвхөн банканд мөнгөө хадгалуулж хүүгээс ашиг хүртэхээс гадна хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтаа алаглуулж эрсдэлээ тархаан байршуулах боломж бүрдэх юм. Мөн хувьцаа авсан хөрөнгө оруулагч зээлдэгч бус, хувьцаа эзэмшигч болдог учраас компаниас хүүгийн төлбөр нэхэхгүй эргэн төлөх хугацаа байхгүй.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө