Дарханы замыг УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГТ даалгаж дуусгая

Admin | 2022-05-16


  Дайнгүй үед Дарханы зам дээр хэдэн зуун хүн амь тавьж байна. Зам тээврийн осол хамгийн их гардаг, хамгийн их хүний амь энддэг газар бол дуулиант Дарханы зам.  Тухайлбал, 2019 оны зам тээврийн ослын судалгаанаас харахад Дарханы замд 30 гаруй эрдэнэт хүний амь эрсдэж, 100 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Ер нь жилдээ өдий тооны хүн Дарханы зам дээр амь тавьж байна. Энхийн цагт энэ олон хүнээ  алдаж байгаа шалтгаан нь зам засах чадваргүйгээс болж байна гээд хэлэхэд үнэхээр ичих ч багадна.

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаар Дарханы замын ажлыг удирдуулж дуусгая. Түүнд туршлага бий. Тэгээд ч Дарханаас бие дааж гарч ирсэн гишүүн даасан ажлаа дуусгахыг бодно. Н.Алтанхуягийг АН-ын тогоонд буцалж, төр барилцаж явах үед нь улсын хэмжээнд 3000 км хатуу хучилттай зам тавигдсан нь үнэн. Одоо АН хоёр хуваагдаж хүний муугаар хэлүүлж байгаа ч 21 аймгийг холбосон зам нь бидний амьдралыг ганц залгуулж байна. Тэгвэл 200 км хүрэхгүй Дарханы замыг Н.Алтанхуягт даалгая.

Эс бөгөөс салбарын сайд Л.Халтар, Дарханаас сонгогдсон Г.Дамдинням нарыг харвал дахиад дөрвөн жилийн нүүрийг үзэж, арван жил ганц замтай ард түмэн махаа идэх нь байна.

Учир нь Дарханы замын ажил эхлээд дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Ковидоос болж ажиллах хүч орж ирэхгүй байна гээд салбарын сайд нь гоншигноод байсан чинь эцэстээ үр ашиггүй зарцуулалт, зохион байгуулалт байхгүй нь тодорхой болсон. Тодруулбал, Үндэсний аудитын газраас дөрвөн сарын турш хяналт, шалгалт хийхэд замын хучилтын зузаан төлөвлөснөөсөө нэг см-ээр багассан, санхүүжилтийн  20.6 сая ам.долларыг юунд зарцуулах нь тодорхойгүй, богино хугацаанд чанаргүй ажил гүйцэтгэсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрч олны бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Арга ч үгүй биз “Дарханы замыг энэ онд ашиглалтад оруулна” гэж хэдэн ч хавар МАН-ынхан амлав даа.

                                                                                                                                                                         Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)