Б.Насанбилэг: Сонгуулийг асар их мөнгөөр зохион байгуулдаг тогтолцоо нь эргээд эрх баригчдад хариуцлага тооцож чадахгүйд хүргэж байна

Admin | 2022-05-18


  Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар нэлээд яригдах болсон. Энэ талаар “Зүй ёс” намын дарга Б.Насанбилэгтэй ярилцлаа.

-Та Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ. Учир нь нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог болон эрхийг нэмэгдүүлэх хэд хэдэн асуудал яригдаж байгаа шүү дээ?

 -УИХ-ын зарим гишүүд “давхар дээл”-ийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд Үндсэн хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах, өөрөөр хэлбэл 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгалаа олоогүй, дутуу орхигдсон асуудлуудыг эргэн хөндөж нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Миний хувьд, улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж үүсгэн байгуулна гэж улс төрийн намыг байгуулах босгыг өндөрсгөсөн асуудал, сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд Үндсэн хууль нь өөрөө саад болж байна гэж шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс нэмэлт өөрчлөлтийг оруулж, сонгодог утгаараа парламентын засаглалыг бий болгох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Жишээлбэл УИХ-ын гишүүнийг сонгохдоо сонгогч шууд сонгоно гэж заасан нь сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэхэд саад болж байгаа юм.

-Тухайлбал, нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийг “давхар дээл”-тэй болгох уу, үгүй юү гэдэг асуудал нэлээд анхаарал татаж байгаа. Энэ тухайд?

-УИХ-ын гишүүд “давхар дээлтэй” байх нь бусад улс орнуудад байдаг л үзэгдэл. Монгол улсын хувьд УИХ-ын гишүүдийн тоо нь цөөхөн. Мөн Засгийн газрын гишүүд нь бүгд “давхар дээл”-тэй бол Засгийн газарт хатуу хяналт тавьж, хариуцлага хүлээлгэхэд хүндрэл үүсэж байгаа тул “давхар дээл”-тэй байх асуудлыг хязгаарлаж өгсөн байдаг. Харин одоо нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 150 болгож, ингэж чадсан тохиолдолд “давхар дээлтэй” байхыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байр суурь явж байх шиг байна. Миний хувьд УИХ-ын гишүүд өөрсдийн үндсэн үүрэг болох хуулиа маш оновчтой баталж чадаж байгаа бол “давхар дээл” –ний асуудал бол том асуудал биш.

 -Гэхдээ гишүүдийн тоог нэмэх нь манайх шиг хүн ам цөөтэй улсад тохиромжгүй биш үү?

-Сонгуулийн тогтолцоог өөрчилж, холимог тогтолцоотой болоогүй цагт УИХ гишүүдийн тоог нэмээд чанарын өөрчлөлт гарахгүй л болов уу. УИХ бол төлөөллийн байгууллага. Тэгвэл 76-аас 65-нь яагаад МАН-ын гишүүд байгаа юм бэ? Монголын ард түмэн бүгд МАН-ын гишүүд, дэмжигчид үү? Олон намын тогтолцоотой, ардчилсан орон ч төлөөллийн байгууллага нь зөвхөн нэг намын төлөөллөөр бүрдэж байгаа нь өөрөө гажуудал. Сонгогчдын 20-30 хүрэхгүй хувийн дэмжлэг авч байгаа улс төрийн хүчин өнөөдөр хууль тогтоох эрх мэдлийг бараг дангаараа хэрэгжүүлж байна шүү дээ. Оролцоог хангаж, зөвшилцөхийг эрхэмлэх ардчиллын үндсэн зарчим алдагдаж байна. Ард түмэн улс төрд хяналт тавьж чадахгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Өнөөгийн сонгуулийн тогтолцоо нь тохиромжгүй, буруу байгааг л илтгэж байгаа юм.

 -Сонгуулийн системийг өөрчилж холимог систем болгох нь оновчтой байж чадах уу?

-Холимог тогтолцоо нь дотроо бас олон янз байдаг. УИХ-д олон  давхаргын төлөөллийг оруулж чаддаг нь давуу тал ч зөвшилцөлд хүрч, шийдвэр гаргахад хүндрэл үүсдэг сул тал бий. Дээр хэлсэнчлэн өнөөгийн сонгуулийн тогтолцоо нь гажуудлыг үүсгэж, ард түмний хяналт тавих, хариуцлага тооцох боломжийг сулруулж байгаа тул холимог системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэж байж улс төр дэх олон төлөөллийн оролцоог хангаж чадах бөгөөд, улс төрд тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, эрх баригч намыг илүү хариуцлагатай болгох, сайн засаглалыг бий болгох боломжтой болох юм.

 -Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарласан. Улмаар ажлын хэсэг гаргаж шалгаж байгаа. Тэгвэл зарим хүмүүс Хөгжлийн банкны асуудлыг гаргаж ирсэн нь МАН-ын авлигатай тэмцэж буй нэг хэлбэр гэж ярьж байна. Үнэхээр тийм бол энэ хэр оновчтой бодлого бол?

 -Хөгжлийн банкны асуудал бол ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудалтай агаар нэг асуудал. Хэдэн жилийн өмнө ЖДҮ гэдэг асуудал үүссэн, өнөөдөр Хөгжлийн банкны асуудал, маргааш дахиад өөр нэр бүхий авлигатай холбоотой хэрэг дахиад л үүснэ. Өөрөөр хэлбэл иргэд төрд хяналт тавьж чадахгүй байна. Иргэдээс энэ төрд яаж хяналт тавих вэ гэсэн асуулт надад их ирдэг. Ирэхээс ч аргагүй. Эрх баригчид хуулийг уландаа гишгэж, хувийн эрх ашгийг төлөө байхад хэн ч тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй байна. Сонгуулийг асар их мөнгө зарцуулж зохион байгуулдаг тогтолцоотой явж байна. Энэ бүх тогтолцоогоо эргэн харж, улс төр дэх олон бүлгийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн хараа хяналтыг сайжруулж чадахгүй бол энэ мэт асуудал цаашид ч үүснэ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж чаддаг юмаа гэхэд суурь асуудал буюу тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол авлигал устахгүй.

 -Эдийн засгийг сэргээх шинэчлэлийн бодлогын хүрээнд Засгийн газраас  Төмөр зам, УЦС зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөж байгаа. Энэ тухайд таны бодлыг сонирхож болох уу?

 -Баруун бүсийн эрчим хүчний систем хэрэгцээнийхээ 78 хувийг импортоор авдаг, хэт хараат гэсэн дүгнэлтүүд байдаг. Тухайлбал Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлын эхлүүлнэ гэж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд хараат байдлаас гарах, импортоор эрчим хүч авч байгаа санхүүгийн зардлыг багасгах зэрэг нөлөөнөөс гадна манай улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-7 хувь өсч байгаа өнөө үед ач холбогдол маш өндөртэй төсөл гэж бодож байна. Жилдээ 1.2 Гвт хэрэглээтэй манай орны хувьд 90 Мвт гэдэг бол бага биш тоо. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ гэдэг бол бид байгаль орчноо, эх дэлхийгээ хамгаалахад хувь нэмэр оруулж байна гэсэн үг шүү дээ.

Төмөр замын хувьд Таван толгой-Зүүн Баян чиглэлийн төмөр зам стратегийн хувьд чухал уу гэвэл чухал төмөр зам. Гэхдээ юу тээвэрлэх вэ? Энэ хөрөнгө оруулалт нь ашигтай хөрөнгө оруулалт мөн эсэх? Хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөж, ард түмэнд үр ашгаа хэзээ ямар байдлаар өгөх вэ гэдэг нь миний хувьд тодорхойгүй байна.

Эцэст нь хэлэхэд төр өөрөө эдийн засагт хэт их хутгалдах, бүх төслийг төрийн өмчит хэлбэрээр хэрэгжүүлэх нь буруу. Аль болох чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлж ажиллах нь төрийн үүрэг гэж боддог.

                                                                                                                                                                  Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)