Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ

Admin | 2022-05-18


   Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд цагдан хорьсон. АТГ-аас түүнийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд өгснөөр шүүх 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байв. Харин уг хуулийн хугацаа дуусч, шүүх өнөөдөр түүнийг цагдан хорих эсэхийг хэлэлцэж, 30 хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Тодруулбал, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол...” гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн аж.

АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих болсон үндэслэлээ "Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан гэмт хэрэгт үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт илэрсэн учир түүнийг цагдан хорих саналаа мөрдөн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлсэн" хэмээн тайлбарласан билээ.

Сануулахад, өнгөрсөн сарын 19-ний өдөр АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс байцаалт авсан. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан байдаг.

Мөн тайлбар мэдүүлэг авахтай зэрэгцэн Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)