Бид бага насны хүүхдийн эрт илрүүлэг үзлэг, оношлогоо хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн VIII хорооны “Манай эмч” өрхийн эмнэлэгт очсон юм.
Тус өрхийн эмнэлгийн үүдэнд бага насны хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд хэд харагдлаа. Өрхийн эмнэлгийн эмч нар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ үзлэгт хамруулах нь элбэг байна. Энэ нь залуучууд эрт илрүүлгийн талаарх мэдээлэл сайн байгаатай холбоотой хэмээн ярьж байлаа.
“Эцэг эхчүүд хүүхдээ үзлэгт хамруулахдаа ягаан карт буюу эрүүл мэндийн дэвтрийг нь заавал авчрах ёстой”
“Манай эмч” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Р.Баасаннямаас тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар танай өрхийн эмнэлэг дээр хэчнээн хүүхэд үзлэгт хамрагдсан байна вэ?
-Эрт илрүүлгийн ажил эхлээд 20 хонож байна. Энэ хугацаанд манай өрхийн эмнэлэгт 0-5 насны 53, 5-17 насны 31 хүүхэд үзлэгтээ хамрагдсан байна.
-Өдөрт хэчнээн хүүхэд үзлэгт хамрагдаж байна вэ?
-Өдөрт дунджаар 10 гаруй хүүхэд ирж байна.
-Бага насны хүүхдийн хамрагдалт өндөр харагдлаа?
-Өрхийн эмнэлэг дээр ирж байгаа хүүхдийг насны ангиллаас нь харвал нярай болон бага насны хүүхдүүд ихэвчлэн ирж байна. Ерөнхийдөө залуу эцэг эхчүүд хүүхдээ хамруулах нь харьцангуй их байна. Залуучуудыг эрт илрүүлэгтэй холбоотой мэдлэг, мэдээлэл сайн байгаатай холбоотой гэж үзэж болох юм.
-Эцэг эхчүүд хүүхдээ үзлэгт хамруулахаар ирэхдээ юуг анхаарах вэ?
-Бага насны хүүхдүүдийн хувьд том хүнийх шиг нарийн шинжилгээнд хамрагдахгүй учир нарийн бэлдэж ирэх зүйл байхгүй. Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ ягаан карт буюу эрүүл мэндийн дэвтрийг нь заавал авчрах ёстой. Нярайн үзлэгт эцэг эхчүүдээс нь асуумж авч байгаа. Эцэг эхчүүдийн хувьд энэ бол эрт илрүүлэг үзлэг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Хэрэв хүүхэд ямар нэгэн өвчин эмгэгтэй байвал дараагийн шатны үзлэг, шинжилгээг аваад явна гэдгийг л ойлгох хэрэгтэй байна.
“Энэ үед эцэг эхчүүд ямар олон зүйл асуудаг юм, дуусаагүй юу, нарийн шинжилгээ авахгүй юм уу, ингээд болох байсан юм бол яах гэж дуудсан юм бэ гэх зэрэг асуудлууд тулгарч байна”
-Бага насны хүүхдүүдэд ямар үзлэг оношилгоо хийгдэж байгаа вэ?
-Бага насны хүүхдүүдийн хувьд гардан шинжилгээ бол авагдахгүй. Эцэг эхчүүдээс нь асуумж авна. Жин өндрийг нь үзнэ. Толгойн тойрог, бугуйн тойрог зэрэг 4-5 хэмжээсүүдийг авна. Мөн 4-6 насныхны нүдний хараа, сэтгэцийн эмгэгийг шалгаж байна.
-Эрт илрүүлгийн явцад хүүхдэд илэрсэн ямар нэгэн өвчлөл байв уу?
Энэ хугацаанд бид зүрхний гажиг 1, түнхний мултрал 2 тус тус илрүүлээд байна.
-Хэдээс хэдэн цагийн хооронд хүүхдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо авагдаж байгаа вэ?
-Өглөө 08:00-17:00 цаг хүртэл үзлэг хийгдэж байна.
-Нэг хүүхдийн үзлэгт хэчнээн хугацаа зарцуулагдах вэ?
-Дунджаар 30-35 минут зарцуулагдана.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 2 Жилийн өмнө