“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн барив

Admin | 2022-05-19


   Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан юм.

Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбар гэлтгүй нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзэн тогтоолын төсөл санаачиллаа.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл өгөв.

Тогтоолын төсөлд:

  • Хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;
  • Татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт, даатгалын оновчтой тогтолцоо бий болгох;
  • Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох;
  • Пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах;
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалт бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгах;

 

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

  • Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх,
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох,

 

Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
  • Ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх;

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих;
  • Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;

 

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • Мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  • Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;
  • Хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгалаа.

Ирэх таван жилд нийт 134 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Эхний ээлжид 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гаргажээ.

 

Манай улс  мах, улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ л дотоодоосоо 100 хувь хангадаг. Харин сүүн бүтээгдэхүүний 27.1, гурилан бүтээгдэхүүний 38.2, хүнсний ногооны 38,5, өндөгний 48.6, цөцгийн тосны 67.4, тахианы махны 98, ургамлын тосны 98.5 хувийг импортоор авдаг.

 

2021 онд гэхэд л 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнс импортоор авсан байна. Үүн дотроо буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүнийг 100 хувь, хүнсний сав, баглаа, боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг гадаадаас авдаг.

 

Сүүлийн жилүүдэд цар тахал, тээвэр, логистикийн хүндрэл зэргээс шалтгаалж дэлхийд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал 40-60, өнгөрсөн оны байдлаар хүнсний үнэ дунджаар 28.1 хувиар өсөж, импортын гол нэрийн хүнсний татан авалт 2-3 дахин буурч, зарим түүхий эдийн нийлүүлэлт тасалдан, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.4 хувиар өсжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)