Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терманилын бүтээн байгуулалт эхэллээ

Admin | 2022-05-26


   Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тэргүүтэй албаныхан оролцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлт зорилтын хүрээнд Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомттой холбогдож экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. Ингэснээр 14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг билээ. Цар тахлын болон дайны нөхцөл байдлаас хамаарч Засгийн газарт бодит сорилт учирч байгаа боловч Шинэ сэргэлтийн бодлогын зургаан багц асуудлын 40 гаруй том төслүүдийн үндсэн шийдэл гарч дууссаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ирэх долдугаар сард, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно. Түүнчлэн Тавантолгойн нүүрсийг БНХАУ-руу экспортлох дөрвөн гарцтай болж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээний эхний хэсгийн ажлууд амжилттай хэрэгжиж байгаа. Түүнчлэн төмөр замын салбарт 2030 он хүртэл бүтээн байгуулалтууд үргэлжилнэ. Ингэснээр төмөр зам дагаж суурьшлын бүсүүд бий болж, экспортын орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна. Эдгээр бүтээн байгуулалтад чин сэтгэлээ зориулан ажиллаж буй хүн бүрд талархал илэрхийлье” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)