Мэддэг ч дуугардаггүй Мэргэжлийн хяналтынханд хариуцлага тооцъё

Admin | 2022-06-05


  Монголчууд махны асуудлыг мэдэж авлаа. Мэргэжлийн хяналтынхан ажлаа хэрхэн хийдгийг ч харж харлаа. Монголчуудын эрүүл мэндийн төлөө мэргэжлийн хяналтынханд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй байна. 

Учир нь “Эмээлт” Монголын махны хамгийн том зах. Энэ зах үйл ажиллагаагаа явуулаад 20 орчим жил болж байна. Тэгэхээр өнөөдрийн үүсээд байгаа махны асуудал өнгөрсөн жилүүдэд ч байсаар ирсэн гэсэн үг. Тэгвэл чанар стандартын шаардлагыг тавих ёстой мэргэжлийн хяналтын байгууллага яг юу хийж ирсэн юм бэ гэдэг асуулт олон нийтийн дунд үүсэв. Үндсэндээ мэргэжлийн хяналтын байгууллагын талаар дараах гурван ойлголттой боллоо.

МХЕГ-аас нэгдүгээрт махыг цогцос хадгалахад хэрэглэдэг бодистой байсан, эсвэл бодис илрээгүй гэх зэргээр туйлбаргүй тайлбар өгч байна. Хоёрдугаарт мэргэжлийн хяналтын байцаагч нь хүн дуудсан цагт очиж, дуудаагүй цагт ажлаа хийдэггүй болохыг харлаа. Гуравдугаарт бүхэл бүтэн улсын хяналт шалгалтын ганц том байгууллага атал махны шинжилгээний хариу хэдэн хоног хүлээгдэж гарч байгаа нь үнэндээ эмгэнэл юм.

Мэргэжлийн хяналтын байгууллага цогцос хадгалах бодистой мах монголчуудын хүнсэнд бэлтгэгдэж байхад мэдээгүй байна гэж байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдэж байх ёстой ажил. Тэд мэдсэн ч мэдээгүй юм шиг хорин жил ажилласан бололтой. Үүний цаана асар том ашиг сонирхлын зөрчил ч байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, хятадын компани дулааны аргаар мах бэлтгэх зөвшөөрөлтэй хэр нь гадагш мах экспортлох зөвшөөрөлгүй байна. Үүнээс  харахад тухайн махыг монголчуудын хүнсэнд хэрэглэдэг нь хэн ч харсан ойлгомжтой болж таарлаа. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага мэдээгүй ч бай, мэддэг байсан ч бай хариуцлага тооцох цаг болжээ.

Зөвхөн мах ч биш монголчуудын хүнсний аюулгүй байдлыг хамгаалах ёстой байгууллага хамар доор байгаа асуудлаа харж чадахгүй байгаа нь гутамшиг. Ингэж ард түмнийхээ эрүүл мэндээр тоглож буй байгууллагын толгойг илээд өнгөрөх ёсгүй. Төр хатуу хариуцлага тооцох ёстой. Иргэд ч эрүүл мэндээ нэхэх эрхтэй.

                                                                                                                                                                                 Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)