З.ЦЭРЭНДУЛАМ: Бариа заслын гайхамшиг нь эмгүй, мэсгүйгээр хүнийг эмчилдэгт оршдог

Admin | 2022-06-05


   Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд суудлын мэдрэлийн өвчин ихсэх болжээ. Ялангуяа ковидын нөхцөл байдлаас шалтгаалж нурууны суулттай, хөдөлгөөний дутагдалд орж шохойжилт үүссэн, булчин чангарсан гэх хүмүүс эмнэлэг төдийгүй бариа заслын төвүүдийг зорих болсон байна. Ингээд үүнтэй холбоотойгоор бариа засал, нөхөн сэргээх эмчилгээгээр хэрхэн эрүүл амьдралын хэвшилтэй болох талаар “Sky state” ХХК-ийн захирал, “Best massage-2” төвийн үүсгэн байгуулагч З.Цэрэндуламтай ярилцлаа.

Тэрбээр 20 гаруй жил бариа хийж байгаа бөгөөд Японы Амма Шацу цэгэн бариаг эзэмшсэн цөөн хүмүүсийн нэг ажээ. Ингээд та бүхэндээ бариа заслын талаарх сонирхолтой яриаг хүргэж байна.

-Та 20 жил бариа заслын эмчилгээ хийж байгаа гэлээ. Бариа заслаа ямар төрлөөр дагнан хийж ирсэн бэ?

-Би 2007 онд Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх “Нөхөн сэргээх” бариа заслын сургалтад хамрагдсан. Монголд ганцхан тус газар Японы Амма Шацу бариаг заадаг. Энэхүү сургалтад суугаад төгссөн хүн л “Best massage” бариа заслын төвд ажилд ордог байлаа. Ингээд 2007 оны хоёрдугаар сард Хараагүйчүүдийн үндэсний холбооноос хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлсэн. Үүнд хамрагдаж зөвхөн өөрөө сурсан мэдсэн зүйлээ ажлын байранд гаргаад зогсохгүй бусдадаа ажлын байр олгоё гэж зориглоод тавдугаар сард нь “Best massage-2” төвийн эрхийг авч нээж байлаа. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

-Энэ олон жилийн хугацаанд тасралтгүй үйлчлүүлдэг үйлчлүүлэгчид байдаг болов уу?

-Өмнө нь Төмөр замд хоёр өрөө байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. 14 жил болоод өнгөрсөн жилээс “Голден будда” гээд энэ шинэ байрандаа нүүж ороод байна. Байнга ирж бариа хийлгэдэг олон хүн бий.

-Энэ байранд нүүж орох болсон шалтгаан нь бас их сонирхолтой санагдсан. Бариа заслын хөгжлийг арай өөр түвшинд хүргэх зорилготой байгаа гэж сонссон?

-Тийм ээ, нэгдүгээрт монголын бариа заслын үйлчилгээг орчин цагтай хөл нийлүүлэх шаардлага үүсчихээд байна. Ялангуяа алдарт Амма Шацугийн бариа хийдэг манай төвийн хувьд бусдыгаа хөгжилд зайлшгүй хөтлөх газар мөн. Хоёрдугаарт бариа заслын газар гэхээр л нэг газрын умгар өрөөнд, орчин нөхцөл тааруухан, мэргэжлийн үгүй нь мэдэгдэхгүй гэсэн ойлголт хүмүүст төрдөг нь үнэн. Тэгвэл үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай байдлыг хангаж, орчноо сайжруулахыг хүссэн. Аль ч талаараа мэргэжлийн бариа заслын стандартыг арай өөр түвшинд хүргэхийг л хүссэн. Бид энэ үйлчилгээг 20 жил үзүүлж байгаагийн хувьд ийм дэвшил үзүүлж бусдыгаа уриалах цаг нь болсон гэж бодож байна.

-Хараагүй хүмүүс бариаг маш сайн мэдэрч хийдэг гэдэг. Ялангуяа “Best massage-2” төвийн онцлогийг сонирхуулахгүй юу?

-Монголд маш олон бариа заслын төв бий. Гагцхүү барианы сургалтад суусан хүн бүхэн сурчихдаг зүйл биш. Мэдрэмжтэй, мэдрэмжгүй хүн гэж байна. Арга барил гэж бий. Мэдээж сайн бариач олон байлгүй яахав. Эмнэлгийн нөхцөлд, амралт сувилалын нөхцөлд гээд дотроо бас олон янз хөгжөөд явж байна. Хүмүүсийн хандлагаас, ярианаас сонсоод байхад яалт ч үгүй “Best massage” төвийн хараагүй хүмүүс сайн барьдаг гэсэн яриа бий. Бариаг маш сайн мэдэрч хийх ёстой. Хараагүй хүмүүс гартаа мэдрэмжтэй байдаг. Тиймээс сайн мэдэрч хийдэг. Энэ нь хүмүүст их хүрдэг болов уу. Би өөрөө Амма Шацу сурсан цөөхөн хүний нэг. Тиймээс Японы энэ төрлийн цэгэн бариаг хийдэг. Мөн нүүрний гуаша буюу бүтэн бариаг хийдэг. Учир нь хүмүүс бүтэн биеэ бариуллаа гэхэд нүүр үлдчихдэг. Гэтэл нүүрний маш олон булчингууд чангарсан байдаг. Биеэ бариулаад нүүрээ бариулахгүй болохоор бүх бие сайхан сулларч, амарч чадахгүй шүү дээ. 

-Японы Ама Шацу барианы онцлогийн талаар дэлгэрүүлж болох уу?

-Монголын уламжлалт бариа гэж бий. Улс үндэстэн бүр өөрийн гэсэн бариатай. Хятадын Түнай, Тайландын Тай массаж, Энэтхэгийн Инди массаж, Японы Амма Шацу бариа бий. Гол нь бариа заслын цаад мөн  бүгд адилхан. Энэ дундаа Японы Амма Шацу цэгэн бариа их алдартай. Энэ бариаг Хараагүйчүүдийн үндэсний төвөөс анх хараагүй иргэдээ Японд сургаж бэлтгэсэн. Эдгээр бэлтгэгдсэн багш нар Монголд ирж бас цөөн хүмүүст зааж сургасан. Япон цэгэн барианы онцлог бол маш нарийн техниктэй. Үе булчин болгонд хүрч бүх цэгийг нэг бүрчлэн барьдаг учраас хүний биеийг их гоё амрааж өгдөг. Бүх цэгийг сэргээдэг.

-Монголд Амма Шацу бариа хийдэг хэдэн хүн байдаг вэ?

-Дөрөв, таван хүн л байдаг. Би Японд сурч чадаагүй ч энд ирсэн багшид шавь орж заалгасан. Албан ёсны сургалтад нь хамрагдсан гэсэн үг. Ер нь Японы цэгэн бариа хараагүй хүмүүсийн брэнд гэж хэлж болно.

-Монголчуудын хувьд бариа, нөхөн сэргээх эмчилгээнд орох нь хэр ихэссэн бэ?

-Гадны орнуудад бариа эрэлттэй үйлчилгээнд ордог. Өдөр тутмын хэвшил болчихсон. Харин манайх шиг хөгжингүй орнуудад хүн болгон барианд ороод байх боломж бололцоо тааруу. Мэдээж ордог хүмүүс маш олон бий. Гэхдээ дийлэнх иргэд барианд орсноос хоногийн мах, талхаа аваад харья гэж бодож байна шүү дээ. Аргагүй л дээ. Гэхдээ иргэдэд бариа тансаг хэрэглээ мэт ойлголт суучихсан. “Бариа хийлгээд байвал муу зан сурчихна” гэдэг. Угтаа ядаж долоо хоногт нэг удаа бариа хийлгэхэд бие хөнгөрч, өдөржин ажиллаж, чангарсан булчин суларч эрүүл байхын үндэс болох юм. Бариаг нурууны суулттай хагалгаа хийх хэмжээнд хүрэхээсээ өмнө, хүзүүний шохойжилттой үүсэхээс сэргийлж хийлгэх ёстой байхгүй юу. Ирээдүйд үүсэх эрсдлээс эрүүл мэндээ хамгаалахад бариа хамгийн тохиромжтой гэж дэлхийн олон оронд үзэх болсон. Тиймээс барианы төрөл зүйл хүртэл хөгжөөд байгаа юм шүү дээ.

-Хүүхдүүд бариа хийлгэх нь зөв үү?

-Хүүхэд булчин нь чангарахгүй, ядрахгүй гэдэг өрөөсгөл ойлголт. Сүүлийн үед булчингийн чангаралтай хүүхдүүд их ирж байна. Хичээлээ хийгээд удаан суух, зурагт, утас үзэж олон цагаар суух зэргээс болж хамаг бие нь хөшчихдөг. Ялангуяа өнгөрсөн хоёр жил ковидын улмаас хүүхдүүд гэрээсээ гарч тоглож чадахгүй хөдөлгөөний дутагдалд орчихсон, булчин нь чангарчихсан тохиолдол их байна. Уг нь хүүхдүүдийг багаас нь булчинг нь суллаж биеийнх нь чилээг гаргаж байх нь өсөлт хөгжилд нь ч их нөлөөлдөг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн их хийлгэх хэрэгтэй. Гэтэл одоо хүүхэд ч, томчуудад ч дасгал хөдөлгөөн хийж чадахгүй байна. Тиймээс бариагаар буюу механик аргаар булчин суллаж, цусны эргэлтийг сайжруулж байх хэрэгтэй.

-Оффисын ажилтай хүмүүс бариа их хийлгэдэг болж. Ер нь бариаг хэр давтамжтай хийлгэх нь зөв бэ?

-Бариа ихэднэ гэж байдаггүй. Их чангаралтай нуруу, хөл нь татчихсан хүмүүс барианд эхний ээлжинд ядаж гурван удаа явбал зүгээр. Тэгээд 5, 7 удаа гээд курсээр ялгаатай. Булчингийн чангарлаас хэдэн удаа орох эсэх нь шалтгаална. Их чангаралтай хүн курсээр орсныхоо дараа долоо, арав хоногтоо нэг ороод яваад байж болно. Тэгвэл булчин ч хэвийн болж, цусны эргэлт ч сайжраад аятайхан болоод ирдэг. Бариа гэдэг чинь эмгүй, мэсгүй эмчилгээ хийдгээрээ гайхамшигтай юм шүү дээ. Өөрөөрөө нөхөн сэргээгдэг гэдгээрээ их ач холбогдолтой эмчилгээ дээ.

-Нурууны суулттай эсвэл жирэмсэн эмэгтэйчүүд бариа хийлгэх буруу, зөв гэсэн төөрөгдөл иргэдийн дунд байдаг. Үүнд та мэргэжлийн хүний хувьд тайлбар өгөхгүй юү?

-Бариа хийхэд хориглох заалт бий. Хорт хавдартай, ясны гэмтэл, бэртэлтэй хүнд бариа хийхийг хориглодог. Ер нь бариа ясан дээр хүрч явдаггүй. Ихэвчлэн булчин дээр бариа хийгддэг. Нурууны суултнаас болж гуяны мэдрэлийн эсүүд их дарагдаж өвддөг. Их хүндрэх юм бол хөл, шагай руу зовиурлаж эхэлдэг. Үүнээс үүдэн булчингийн чангарал их явагддаг. Удаан л булчин чангаралттай явмааргүй байгаа юм. Сүүлийн үед монголчуудын дунд нурууны суудлын мэдрэл их болсон. Бариагаар булчинг суллаж үе хоорондох мэдрэлийн эсийг чөлөөлж өгдөг. Нурууны дискний муруйлтыг ч мөн удаан хугацаанд бариагаар эмчилдэг. Ганц хоёр бариулаад шууд л зүгээр болчихдог юм биш. Харин жирэмсэн хүнд бариа хориглодоггүй. Зөвхөн манайх ч гэлтгүй олон барианы газруудад жирэмсэн эмэгтэйчүүд бариа хийлгэдэг.

-Хэдэн сартай жирэмснээс хамаарч бариа хийгддэн болов уу?

-Барианд орохдоо асуумж бөглүүлдэг. Энэхүү асуумжаас бариач маань тухайн хүний мэдээллээ авдаг гэсэн үг. Тиймээс хэрвээ дөнгөж жирэмсэн болсон, ураг бүрэлдэх эхлэх үеийн саруудад яваа бол асуумж дээрээ бөглөх хэрэгтэй. Жирэмсний эхний саруудад гэдэсний бариаг хийхгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)