МАН бүлэг: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад олон нийтийн саналыг сонсох нь чухал гэж үзлээ

Admin | 2022-06-06


   УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.06.06/ хуралдаж, нэг асуудал хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат,  Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн нам, иргэдээс ирсэн саналын талаар хэлэлцлээ. Өнгөрсөн тавдугаар сард улс төрийн нам, олон нийт, иргэдийн хөдөлгөөнүүдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаарх саналыг УИХ-д ирүүлсэн. Хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, саналыг нь сонссон.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын даргаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах захирамж гарсан. Ажлын хэсэг хуралдаж, гурван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тухайлбайл, Үндсэн хууль судалдаг судлаачдын дунд, 1992 онд Үндсэн хууль баталсан депутатуудын төлөөллийг оролцуулсан, мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй 26 намын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг цувралаар зохион байгуулсан юм.

Эдгээр хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлгээс энэхүү асуудлыг хэлэлцлээ. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар өнгөрсөн жилээс улс төрийн намууд, иргэд, олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал бодлоо илэрхийлсээр байгаа юм.

МАН, УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлын талаар урьд өмнө байр суурь илэрхийлж байгаагүй. Харин өнөөдөр тодорхой бүрэлдэхүүний санал гарч, УИХ-ын ТББХ-оор хэлэлцсэн учраас намын бүлэг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Бүлгийн гишүүдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг чухал юм гэдэг талаар бүлгийн гишүүд  тодорхой саналуудыг хэллээ.Иймээс улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Хэрэв олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүд хууль санаачилж болох юм гэж үзлээ” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)