Я.ЭРДЭНЭ-БИЛЭГ: Хүү минь байхгүй болсон ч гэлээ инээгээд орж ирэх юм шиг бодогдоод, их хэцүү байх юм

Admin | 2022-06-06


Олимпийн аварга Н.Түвшинбаярын гарт амиа алдсан Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат агсны аав Я.Эрдэнэбилэг "Өглөөний сонин"-д ярилцлага өгчээ.

  Тэрбээр "Хүү минь наймдугаар ангиа төгсөөд Н.Түвшинбаяртай хамт Булган аймгийн төвийн арван жилийн сургуульд  сурсан.  Тэр үеэс хоёул бөх болохоор шийдсэн юм билээ. Улмаар Улаанбаатарт очиж Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан  Аварга дээд сургуульд суралцсан юм. Бөхөөр эхэлсэн хоёр хүүхдийн нөхөрлөл спортын замд үргэлжилж гадаад, дотоодын тэмцээн уралдаанд дандаа хамт явдаг байлаа. Оюутны дотуур байранд ч, түрээсийн байранд ч хамт, гэрээсээ очсон хоол хүнсийг хувааж идээд бэлтгэл сургуулилтаа хийж явсан. 

Хүүгээ найздаа зодуулж, хүнд  бэрт­сэн тухай анх сонсоод хоорондоо маргаж, гар зөрүүлсэн юм болов уу л гэж бодсон. Амийг нь авах үхлийн бэртэл авсан гэж огт төсөөлөлгүй явсаар хотод ирсэн.

Гэтэл хүүг минь хүн танихын аргагүй болгочихсон байсан. Хөгшин минь харчихаад “Ерөөсөө л суудал дээр нь алчихсан юм биш үү” гээд уйлсан.

 Тэгэхэд эмч нар “Спортын хүн болохоор зүрхний ажиллагаа сайн байна, тархи бол найдлагагүй шүү” гэсэн. Зүрх нь ажиллаад байсан учир эм тариагаар тэжээгдээд байсан болохоос газар дээрээ л өнгөрсөн юм билээ. Зодоон болсон гэх өрөөний бичлэгийг зүрх шимшрээд харж чадаагүй. Бичлэгээс харахад цус нь олгойдоод таазыг нь бялдчихсан байсан гэнэ лээ. Гэхдээ л бид эцсийн мөч хүртэл хүүгээ босоод ирнэ, босоод ирээсэй гэж их харсан. Арга барагдахад олон л юм  бодогддог юм байна лээ, муу хүүгээ ядаж тэргэнцэр дээр ч болов суугаад үр хүүхэд, ээж, аавдаа харагдаж явбал элэг гол минь дэвтэх юм сан даа гэж хүртэл бодсон доо.

Үерхэж, үнэн сэтгэлээ харамгүй зориулж явсан байхад балмад хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөчих  юм гэж бодох байтугай төсөөлж ч байсангүй. 

Н.Түвшинбаяр уулзах байтугай утсаар ч яриагүй. Тэгэхээр уучлал гуйсан байх уу. Хүүг минь дагаад хэлхээтэй юм шиг хамтдаа ирдэг байсан хүн шүү дээ. Уучлаарай гээд ирэх байх гэж хараагүй биш их ч харсан, хүлээсэн. Гэвч тэгээгүй.

Монголын шүүх энэ хэргийг  шударгаар шийднэ гэдэгт бид хоёр бол итгэж байгаа

Наадам дөхөх тусам улам л хэцүү болох байх даа, бид хоёрт. Манайх гүүгээ бариагүй, хүү минь байхгүй, хэн ч ирж айраг уух билээ.

Хүү минь байхгүй болсон ч гэлээ хааяа урд хөтлөөр машин даваад ирж байгааг хараад гарч харуулдмаар, хүү минь инээгээд орж ирэх юм шиг бодогдоод, их хэцүү байх юм. Унтахаар унтсан болохгүй, гараад хаачихаа мэдэхгүй. Гэртээ суувч сэтгэл тогтохгүй.

Ийм л хэцүү хагацал, зовлонд уналаа даа, ийм хэцүү зүйл Монголын минь бусад ээж аавд бүү тохиолдоосой" хэмээжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)