Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдсоны дагуу эхэлж байна.
Өмнө нь тавдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал болсон ч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн байна. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.
Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг хэлэлцээд татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, улмаар шүүх хуралдааныг энэ өдөр товлосон юм.
Бид шүүхээс гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.