Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын компанид хийсэн нэгжлэгийн талаар ЭЦА-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Өчигдөр Баянгол зочид буудалд хийсэн шалгалт болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө. Эмээлтэд байрлах Эм Ди Си Пи ХХК-ийн үйлдвэрийн байранд маханд химийн бодис хийж бэлтгэж байсан гэх мэдээллийн neguun.mn сайт анх мэдээлсэн. СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн баруун дэнжийн тоотод байрлах мах боловсруулах үйлдвэрт хадгалагдаж байсан махнаас авсан дээжид шинжилгээ хийлгэн тавдугаар сарын 19-ны өдөр шинжилгээний дүн гаргуулсан. Мэдээлэл анх гарсантай зэрэгцээд МХЕГ тухайн байгууллагын махнаас дээж авч, шинжилгээ хийлгэсэн. МХЕГ-аас тухайн асуудалд харьяаллын дагуу Зөрчлийн хэрэг нээгээд шалгагдаж байсан.
Шинжилгээний дүнгээр тус маханд агуулагдах нянгийн тоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, үйлдвэрт ашиглагдаж байсан хадгалах хугацаа дууссан, гарал үүсэл тодорхойгүй цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнээс бодис илэрснийг гэмт хэргийн шинжтэй гэж МХЕГ-аас үзсэн.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Баянгол дүүрэгт хяналт, шалгалт явуулсан. Эм Ди Си Пи ХХК нь мах экспортод гаргах зөвшөөрөлгүй. Тус компанийн агуулахад дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны 234,8 тонн мах байсан. Дулааны аргаар боловсруулсан ХКҮ ХХК-ийн хаяг шошготой 4842 хайрцагтай, 96 тонн мах илэрсэн" гэж мэдээллээ.