Зайсангийн газрыг сурвалжилсан сэтгүүлчийг цагдаа нар түлхэж унагаж буй бичлэг цацагдаад байна. Уг асуудлаар НДЗТГ-аас 15.00 цагт мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Гарсан захирамжийн хүрээнд цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлэхээр ажилласан. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, машин тэргээрээ түрсэн, согтуу хүмүүс байсан тул холбогдох дүүргийн цагдаагийн хэлтсээс зөрчлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагаа явуулсан.
Энэ үеэр Парламент телевизийн сэтгүүлч Н.Гэрэлмаа гэмтлээ гэх асуудал гарсан. Үүнд ЦЕГ-ын удирдлагууд өчигдөр орой холбогдох үүрэг даалгавар өгч, сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй үйлдэл дээр дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн шалгах тасагт гомдол мэдээлэл бүртгэн, шалгаж байна.
Сэтгүүлчээс тайлбар мэдүүлэг авах, гэмтлийн зэргийг тогтоох зэрэг процессын ажиллагаа үргэлжилнэ.
Цагдаагийн алба хаагчдын энгэрийн камерын бичлэг, холбогдох баримтууд бийг мэдэгдсэн.
Одоогоор хэн нэгний гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй байна" гэх тайлбарыг өглөө.