—УУЛ УУРХАЙН САЛБАРТ ОРД ДЭЭРЭМДДЭГ ШАЛГАРСАН АРГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Алтанд улангассан улстөрчдийн явуулга, нутгийн иргэдийн нэр барьсан нинжа нарын гүтгэлгээр гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээсээр байх уу, Монгол Улс. Уул уурхайгаас улсын төсвөө бүрдүүлж, энэ салбарын орлогоор эдийн засгаа амьтай, голтой байлгахын сацуу гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулалтыг татаж гадаад бодлогоо бэхжүүлдэг. Бодит байдал дээр улстөрчид, алтны компаниудын эзэд, нинжа нар бүлэглэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг гоочилж, муучлах замаар хөөж гаргаад, орд газрыг нь булаадаг үзэгдэл хавтгайрлаа. Хамгийн сүүлийн буюу одоо үргэлжилж буй “булаалт”-ын жишээнээс эш татъя.
Алт гэх нэг ашиг сонирхлоор нэгдсэн улстөрчид, бизнесмен, нинжа нарын хамтарсан бүлэглэл саяхан Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан “Эрдэнэ Монгол” ХХК-ийг онилжээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш “Эрдэнэ Монгол” ХХК-ийг элдэв бусаар харлуулах, ялангуяа Говийн их дархан цаазат газрыг ухаж сэндийчиж, ухсан нүх, уух усгүй улаан шороо үлдээж буй мэтээр гүтгэх ажиллагааг амжилттай зохион байгуулав.
“Алтан нутгаа хамгаалъя” ТББ, “Сэгс цагаан богд-Нутгаа хамгаалах иргэний хөдөлгөөн”-ний төлөөлөл болон нутгийн иргэд гэх хүмүүс хэд хэдээрээ удаа дараа Улаанбаатар хотод ирж, хэвлэлийн хурал хийж, жагсаал цуглаан зохион байгуулж, “Эрдэнэ Монгол” ХХК-ийг ард түмнээр үзэн ядуулах ятгалгуудыг мөн ч их хийлээ.
Ингэхдээ “Эрдэнэ Монгол” ХХК-ийг Канадын буюу гадаадын хөрөнгө оруулалттай гэдгээр нь голчлон муучилж, мөн Говийн их дархан цаазат газрыг сүйдэлж, говь нутагт гамшиг тарьж, говийн нэн ховор ан амьтад уух усгүй, идэх өвсгүй болгож, улмаар дайжиж эхэлсэн мэт эмзэг сэдвээр олон нийтэд илт худал мэдээлэл тараах боллоо.
Үнэхээр тэд гадаадынхнаас, уул уурхайгаас нутгаа хамгаалах гэсэндээ мал ахуйгаа хаяж Улаанбаатар хотод ирж, эсэргүүцэл тэмцэл хийгээд байгаа юу гэвэл, үгүй. Үнэндээ тэд жагсаал, цуглаан хийж, ард түмэнд үзэн ядуулах замаар ордыг нээсэн компанийг нь Монголоос хөөж гаргаад, өөрсдөө ордыг нь эзлэх гэсэн ашиг сонирхолтой төдий. Тодруулбал, “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцээд буй нутгийн гэх иргэд болон иргэний хөдөлгөөнийхөн ардаа улс төр, бизнесийн нууц эзэдтэй гэдгээ өөрсдөө нотолж өгөв. Тодруулбал, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн хэвлэлээр муулуулж буй Баян хөндий орд нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрладаг. Гэтэл Улаанбаатар хотод ирж, “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцээд буй тэмцэгчид нь үнэндээ тус уурхайтай ойр нутагладаг малчид биш харин Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын гаралтай, тэгсэн мөртлөө нутгийнхаа алттай газар бүрийг гар аргаар сэндийчсэн нинжа хар түүхтэй хүмүүс байгаа юм. Энэ бол “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцэж буй тэмцэгчид нь үнэндээ нинжа нар буюу ардаа улстөрчид, бизнесийн бүлэглэлийн эзэдтэй, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад өөрсдөө тус ордыг ухах гэсэн нуугдмал ашиг сонирхолтой хүмүүс гэдгийг батлах бэлээхэн баримт юм.
Түүнчлэн “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцэж буй энэ тэмцэл алдарт Ноён уулын жишээг яг давтаж буй нь харагдаж байгаа. Тухайлбал, Ноён уул орчимд Бороо, Гацуурт тэргүүтэй алтны ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “Сентэрра гоулд Монголиа” компанийг хэсэг бүлэг улстөрчид, нутгийн иргэдийн нэр зүүсэн нинжа нар эсэргүүцэж, удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулж, мөн ч их харлуулж, гүтгэсэн.
Олон жил үргэлжилсэн Ноён уулын тэмцлийг хараагүй, сонсоогүй хүн үгүй байх. Гэтэл энэ тэмцлийн ард ямар том ашиг сонирхол нуугдаж байсан гэж санана. Нутгийн иргэд нэртэй нинжа нарын эсэргүүцэл, улстөрчдийн дарамт шахалт, тулгалтаас залхсан “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаж, компаниа зараад манай улсаас гарсан байдаг. Гэтэл өдгөө “Сентерра гоулд Монголиа” ХХК болон тус компанийн Бороо, Гацуурт гэх алтны баялаг ордууд нь Худалдаа хөгжлийн банкны эзэн, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн гарт орчихсон гэх.
Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалттай уурхайг эсэргүүцэж буй жагсаал цуглааны цаана нутгийн иргэд гэж өөрсдийгөө нэрлэсэн нинжа нар, хэдхэн улстөрч, бас бизнесменүүд байдаг. Тэд нийлж, ордыг илрүүлсэн компанийг нь хөөж гаргадаг. Харин гарч явсных нь ард өнөөх орд газарт нь улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн өөрсдөө эзэн суудаг гэдгийн тод, том жишээ бол энэ юм.
“Эрдэнэ Монгол” ХХК-ийг онилсон буюу “Гамшиг авчирч байна, гай тарьж байна” хэмээн элдвээр баалж, хэвлэлээр муулж буй технологи бол дээр дурдсанчлан Сентерра гоулдын алтанд шунасан бүлэглэлийг анх гаргаж ирсэн тэр технологи. Тэд нинжа нарт дээл өмсүүлж, Улаанбаатар хотод авчирч, жагсаал, цуглаан хийлгэнэ. Ийм замаар үйл ажиллагааг нь гацааж, хөрөнгө оруулагчдыг нь залхаана. Ингээд хөөж явуулаад, эцэст нь өөрсдөө эзэн сууж, ухаж эхлэх гэсэн санаархал гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, эсэргүүцлийг жагсаал цуглаан хийх замаар “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн Бороо, Гацууртын ордыг булааж авсан шиг аргаар “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Баян хөндий ордыг булааж авахаар санаархаж байна гэсэн үг. Тэгвэл бид хэдий хүртэл ашиг хонжоо хайсан улстөрчид, алтаар баяжсан бизнесменүүд, нутгийн иргэдийн дүртэй нинжа нарын хамтарсан бүлэглэлийн үзэмж, эрх ашгаар шударга бизнесийн зарчмыг самруулах юм бэ?