Л.Оюун-Эрдэнэ ирэх намар УИХ, Засгийн газрыг ТАРААЖ, 2023 онд Монгол Улсын ДАМПУУРЛЫГ зарлах уу

Admin | 2022-06-14


 “Мотоцикль унасан толгойгүй хүнээр удирдуулж Тамгагүй төрийг үзэн алга ташицгаах бидний агуу түүхт Монгол төр мөхлийн ирмэгт ирсэн үү” гэх жиргээчийн энэ асуултад бүгд “тийм” гээд хариулчих юм биш биз. Хуурай ах нь Ерөнхийлөгч, төрсөн дүү нь Ерөнхий сайдын сэнтийд заларч байхад Херо Баатар яагаад Тамгагүй төрийг тайзнаа амилуулав. Яагаад сая ам.доллар босгож дэлхийн бүх ард түмэнд үзүүлэхээр аялалын тийз захиалав. Энэ урлаг уу. Эсвэл Монгол төр мөхөж буйг ард түмний тархинд кодолж, дэлхий дахинд тунхаглаж яваа юм уу. Урлаг талаас нь хүлээж авбал “Тамгагүй төр” шиг тамгагүй төртэй байж хэрхэвч болохгүй гэсэн агуу зохиолчийн амин гэрээсийг амилуулан сонордуулсан Баатар мундаг. Ураг төрлийн талаас нь харвал төрсөн дүү нь төрийн тамга атгаж ахуй цагт Тамгагүй төрийг дэглэн гайхуулах Баатар тэнэг.

    Тамгагүй төрийн Баатарын дүү Л.Оюун-Эрдэнийн гар дахь Монгол төрийн тамганы дардас ирэх жил дефолт зарласан цаасан дээр сүүлчийн удаа дарагдах юм биш биз. Монгол Улс 2023 онд эдийн засгийн дампууралд хүрч дефолт болох гэж байгааг Монголын төдийгүй дэлхийн шинжээчид өдөр бүр мэдэгдэж эхэллээ. Өрийн дефолтын талаар өнөөдрийнх шиг ингэж үндэслэлтэйгээр, өргөн хүрээнд хамарч ярьж байсангүй. Энэ муугийн дохио байж таарна. Гадаад өр 34.2 тэрбум ам.долларт хүрч түүнийгээ төлөх төлбөрийн чадваргүй, экспортын орлого 60 хувь буурсан, авлигын индекс 112 дугаар байрт орж инфляци 20 хувьд хүрснийг тавхан хоногийн өмнө олон улсын байгууллагууд зарлачихсан. Байж болох хамгийн муу мэдээ бол энэ. Л.Оюун-Эрдэнийн кабинет, Г.Занданшатарын танхим, У.Хүрэлсүхийн бүтэц зөвхөн энэ асуудалд анхаарч улсаа аврах онцгой хөтөлбөрүүдийг яг одоо хэрэгжүүлж эхлэх ёстой. Гэтэл манай төрийн өндөрлөгүүд, эрхэм түшээд ажил хийх нь бүү хэл энэ тухай бодох сэхээгүй байна. Хэрвээ тэд эх оронч үзэлтэйсэн бол, улс орноо бусдын дор оруулчихгүй хор шартайсан бол адаглаад улс удирдах мэдлэгтэйсэн бол ийм муу нөхцөлд хүргэхгүйн төлөө өдөр шөнөгүй ажиллаж ард иргэдээ зааж чиглүүлэх байсан биз.

    Харин тэд завгүй. Хамгийн муу удирдагчид байсан гэдэг нэрийг зүүхгүйн тулд тэд Үндсэн хуулиа өөрчилж УИХ-ын гишүүдийн тоог нэмж аймгуудын тоог хасч Засгийн газар, УИХ-аа өөрчлөн байгуулахаар ажиллаж байна. Бидний сонссоноор наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Энэ хурлаар улс орноо дампуурлаас аврах асуудлыг бус Үндсэн хуулийг өөрчилнө. Үндсэн хууль нь өөрчлөгдсөн учраас ирэх намар УИХ-ын сонгууль 1992 оны жишгээр явагдана. Үүний үр дүнд 200 түүнээс арай цөөн гишүүдтэй УИХ бий болж Засгийн газрыг дахин байгуулна. Ингэснээр эрхэм Ерөнхий сайд улсаа хамгийн муу удирдсан гэдэг хоч зүүхээс аврагдана гэж тооцож байх шиг. Яагаад гэвэл 200 орчим гишүүнтэй танхимтай болвол бараг бүх намын дарга нар төрийн ордонд орж түшээгийн сэнтийд заларна. Ардчилсан намын суудал арай ахиу болох ч Ардын нам засаглалаа алдахгүй гэсэн тооцоотой байгаа. Энэ тохиолдолд 2023 онд Монгол Улс дефолт болох нь нэг их сонин гайхаад байх зүйл биш болно. Учир нь бүх нам нийлж байгаад улсаа дампууруулсан шүү гэж хэлэх сайхан үгтэй болчихож байгаа юм.

Үүнийг хийхийн тулд Ерөнхий сайд кабинетдаа салхи оруулахгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээж байгаа гэдгийг захын нохой ч мэддэг болсон. Түүнээс биш 200 км зам тавьж чаддаггүй Халтарыг, Коронавирусээр шоудаж онигоонд ордог Энхболд, Амарсайханаар, мал аж ахуйнхаа өвчинтэй ч тэмцэж мэддэггүй Мэндсайханыг, сэргээгдэх эрчим хүчний салбарынхныг дарамталдаг Тавинбэхийг явуулбал явуулах хангалттай хугацаа байлаа, Л.Оюун-Эрдэнэд. Ерөнхий сайд маань Халтарыг 200 км халтуурны замтай нь, Мэндсайханыг шүлхийтэй нь, Амарсайхан, Энхболдыг коронатай нь хайрлаад байгаагийн цаад шалтгаан ерөөсөө энэ. Гагцхүү Монгол Улсыг дампууруулах юм бол, 200 гишүүнтэй дампуу төртэй болох юм бол цор ганц автор нь Л.Оюун-Эрдэнэ та шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)