Урин дулааны улирал эхэлж хүүхдүүд гадаа тоглох нь ихэссэн ч зуны улирал гэхэд бэрх хүйтэн хэцүүхэн хоногууд өнгөрлөө. Одоо л нэг дулаарав уу гэтэл хүйтэн бороо орж өглөө оройдоо жиндүүхэн байх юм. Энэ үед зуны улиралд ирчихсэн гэж итгэн хүүхдүүд гадаа тоглосоор ханиад хүрэх нь ихэсчээ.
Бид ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сурвалжлахаар өглөө 10:00 цагт очлоо. Эмнэлгийн үүдээр ороход цаг авахаар хүүхдээ тэвэрч зогсох эцэг, эхчүүд урт дараалал үүсгэжээ.
Цаашлаад үүдний шүдний эмчийн үзлэгийн өрөөнөөс авхуулаад хоёр давхрын нярайн үзлэгийн өрөө хүртэл хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн ээж аавууд дүүрэн байв. Хүүхдийн үзлэгийн тасаг бүрт дараалал үүссэн байна. Шүдний үзлэгийн дугаарын төгсгөлд сууж байсан 30 гаруй насны эмэгтэй хүүхдээ хөтлөн олны урдуур орж ирээд “гялс ганц юм асуучхаад гараад ирье” гээд орчихов. Гарч ирэхдээ “үзлэгийн цаг есдүгээр сарын 6-н хүртэл байхгүй гэнэ үү” хэмээн амандаа бувтнасаар гарч ирэв.
Эмнэлгийн жижиг, нарийхан хонгилд олон хүн дугаарлан зогсох нь орчны хэмийг улам л нэмэгдүүлж нялхас ч, эцэг эхчүүд ч хөлс, нус нь урсаж их л залхсан байдалтай харагдана.
Нэг давхарт их бүгчим байх аж. Бага анги болов уу гэмээр хүү амны хаалтаа тайлах гэж уцаарлахад эмээ нь бололтой настай эмэгтэй “Олон хүн байхад амны хаалтаа зүү” хэмээн нударна.
О.ЭНХТҮВШИН: Бүгчимд толгой өвдөж байгаа учраас дугаарлаж зогсоход хэцүүхэн л байна
Иргэн О.Энхтүвшингийн эхнэр амаржаад 2 сар гаруй болж байгаа аж. Хүүхэд нь ханиалгаад шөнө унтаагүй гэв. Эртхэн үзүүлчихээд ажилдаа явах санаатай эрт ирсэн ч 26 хүний дараа үзүүлэхээр дугаар нь таарчээ. Дугаарлаж зогссоор халууцаж, толгой өвдөж, өөрөө бараг үзүүлэх болох нь гэв.
Б.ЦЭНГЭЛМАА: ИРЭЭД 3 ЦАГ БОЛОХ ГЭЖ БАЙГАА Ч ҮЗҮҮЛЖ ЧАДААГҮЙ Л СУУЖ ЗОГСОЖ БАЙНА
Харин Б.Цэнгэлмаагийн хувьд 7 настай хүүхдээ үзүүлэхээр ирсэн байна. Тэрбээр одоо 5 сартай жирэмсэн юм байна. Тэрбээр “Эмнэлэг хүндрэл чирэгдэл их байна. Ирээд бараг 3 цаг болж байна. Одоо 12 хүний ард дугаарлаж байна. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, байнгын эмчийн хяналтад байдаг, хөгжлийн бэрхшээлтэй, даралт ихтэй, зүрх судасны хүнд өвчтэй, яаралтай үзүүлж шинжилгээ өгөх хүмүүст бол үнэхээр хэцүү л байгааг харж байгаа биз дээ. Хэл ам хэрүүл тэмцэлтэй л дугаарлаж байна” гэсэн юм.
Хоёр давхарт мөн л ижил дүр зураг угтана. Нярайгаа тэвэрсэн эцэг эхчүүд тасгуудын үүдэнд дугаарлаж байгаа харагдана. Нярайн тасаг учраас цонх онгойлгож болохгүй учир нэг давхраас илүү бүгчим, агааргүй байв.
А.МӨНХНАРАН