Э.НАРАНЦАЦРАЛ: Амбулаториор өдөрт 1000-1100 хүүхэд үзэж байна

Admin | 2022-06-16


Хүүхдийнхээ дархлааг дэмжихийн тулд зуны дэлгэр цагийг ашиглан хөдөө агаарт гарга, сүү цагаан идээг сайн өгч хөдөлгөөнийг нь дэмж

Бид эмнэлгийн ачааллын талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх, поликлиникийн эрхлэгч Э.Наранцацралаас тодрууллаа.

Тайлбар байхгүй.

-Эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн гэсэн. Гадаа дугаарлах эцэг, эхчүүд ч их харагдана?

-Ачаалал ихэдсэн юм бол байхгүй. Ачаалал ихэссэн үгүйг тоо баримтаас л харна шүү дээ. Манай хүүхдийн тасагт нийт 40 кабинет ажиллаж байна. Ковидын үеийг бодвол ачаалал нэмэгдсэн ч гэлээ сүртэй ихсэж ачаалсан зүйлгүй.

-Өдөрт хэчнээн хүүхдийг амбулаториор үзэж байна вэ?

-Амбулаторийн үзлэгээр өдөрт 1000-1100 хүүхдийг үздэг байсан. Одоо ч энэ хэвээрээ л байна.

-Бага насны хүүхдүүд ихэвчлэн ямар шинж тэмдэгтэй ирж байна?

-Бага насны хүүхдүүдийн хувьд улирлын чанарын буюу хүйтэн сэрүүнээс шалтгаалсан өвлөлөөр ихэвчлэн ирж байна. Бусад эмгэгийн, эрхтэн тогтолцооны өвчлөлөөр өмнөхөөсөө илүүтэй өвдөж ирсэн зүйл байхгүй.

“Дархлаажуулалт гэдэг нь агаар гарах, хөдөлгөөн хийхийг л хэлнэ”

-Эцэг эхчүүд цаг авалгүй шууд ирж ачааллыг нэмээд байх шиг байна?

-Цагийг утсаар авч байгаа. Цагаа утсаар авчихвал эмнэлгийн ажилтан бид нарт ч, өөрсөд нь ч амар байна. Үзлэгийн цагаа урьдчилж авч байна гэдэг чинь иргэдэд л бага чирэгдэл учруулах зорилготой шүү дээ.

Цагаа аваагүй хүмүүс гэнэт ирээд өөрсдөдөө ч, эмнэлгийн ажилчдад ч, цагаа аваад ирсэн хүмүүст ч чирэгдэл учруулж байгаа явдал цөөнгүй байна. Хүссэн үедээ өөрийнхөө завыг хараад амарч байвал өнөөдөр хүүхдээ үзүүлнэ гэдэг хандлагаа болих хэрэгтэй. Бүгд цагаа аваад эмнэлгийн үйл ажиллагаанд оролцдог соёлд суралцмаар байна.

Бусад хөгжингүй орнуудад бүгд үзлэгийн цагаа аваад үйлчлүүлдэг. Манайхтай адилхан оочер дараалал бий. Хоёр гурван сар хүлээхээ мэддэг учраас урьдчилж цагаа авдаг соёлд сурчихсан байдаг. Харин хүүхэд нь яаралтай үзүүлэх шаардлагатай бол амбулаторийн үзлэгт биш яаралтай тусламжийн 24 цагийн тасагт үзүүлнэ шүү дээ.

Тайлбар байхгүй.

-Эмч сувилагчийн ачаалал хэр байгаа вэ. Хэвийн нормдоо ажиллаж чадаж байгаа юу?

-Хүний нөөц хомс учир ачаалал бага гэж ярьж болохгүй. Гэхдээ өвчлөл бага учраас ачаалал хэвийн. Манай амбулаторийн хувьд 30 гаруй эмч, 20 гаруй сувилагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

-Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэх зөвлөмж юу байна вэ?

-Одоо улирлын чанартай өвчлөлийн бууралтын үе эхэлчихсэн шүү дээ. Харин улирлын чанартай өвчлөл дахиад ирэх үед буюу намар, өвлийн улирлын ханиад томуунаас сэргийлж зуны дэлгэр цагийг ашиглаж хүүхдээ дархлаажуулах хэрэгтэй. Харин хөдөө гаргаж уул ус, агаарт гаргах хэрэгтэй. Дархлаажуулалт гэдэг нь нэгдүгээрт агаарт гарах, хоёрдугаарт хөдөлгөөн хийх байдаг.  Түүнээс биш нөгөө л жилийн дөрвөн улиралд суудаг өрөө тасалгаандаа хүүхдэдээ зурагт үзүүлж, утас өгөөд тоглуулахыг хэлэхгүй. Ингэх л юм бол хүйтний улиралд ханиад томуу тусах, цаашлаад хүндээр өвдөх эрсдэлийг үүсгэнэ. Эсрэгээрээ зун цагт агаар салхинд сайн явсан, сүү цагаан идээгээ идсэн хүүхэд ханиад хүрсэн ч хөнгөн тусна. Энэ нь эмнэлгийн ачаалалыг ч бууруулна.

Ямартай ч эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буй, ачааллын хувьд урьд өмнөхөөс ялгарах зүйл бага байгааг тус эмнэлгийн эрхлэгч хэлж байна.

Тайлбар байхгүй.

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)