МУИС-ийн багш Д.ГАНБАТ: ЭЕШ-ын хэмжээст оноог болих хэрэгтэй

Admin | 2022-06-27


   Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Тэгвэл МУИС-ийн багш Д.Ганбат сурагчдын оноог үндэслэн ЭЕШ-д аймаг, нийслэлийг амжилтаар нь жагсаасан байна. Жагсаалтыг Дархан-Уул аймаг тэргүүлж байгаа бол Баян-Өлгий аймаг хамгийн сүүлд оржээ. Ингээд МУИС-ийн багш Д.Ганбатаас ЭЕШ-ын талаар тодрууллаа.

-Та Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг харьцуулж, жагсаалт гаргасан байсан. Ямар оноог үндэслэн жагсаасан бэ?

-2022 оны ЭЕШ буюу уралдаант шалгалтаар аймгуудыг уралдуулбал иймэрхүү байна гэсэн жагсаалтыг хүснэгтээр гаргасан. Бүх хичээл дээр 100 онооны шалгалт авдаг бөгөөд 100-аас хэдэн оноо авснаар хичээл тус бүрийн median (голын оноо) оноогоор байр эзлүүлнэ. Хичээл тус бүрийн байрыг нэмээд бага онооны системээр аймгуудын байрыг гаргасан.

ЭЕШ-ыг Дархан-Уул аймаг тэргүүлж, Баян-Өлгий аймаг сүүл мушгив

-Энэ жилийн ЭЕШ-ыг Дархан-Уул аймаг тэргүүлжээ?

-Хүснэгтийн хойд талын хөх өнгөөр 2021 оноос хэдэн байраар ахисныг үзүүлж байгаа. Дархан 2021 оноос 5байраар ахиж I байранд орсон байна. Өвөрхангай, Дорнод сайн сургалттай хэвээрээ байна. Орхон энэ жил 10 байраар ахиж сайн сургалттай гэдгээ дахин баталж байна. Говь-Алтай 10 байраар ахиж 12-р байранд орж. Өнгөрсөн жил муу байгаадаа сайн анхаарсан бололтой. Өндөр ахиц үзүүлсэн Говь-Алтайханд талархаж байна.

-Тэгвэл өмнөх амжилтаасаа ухарсан аймаг байна уу?

-Өмнөговь сүүлийн хоёр жил дараалан уруудаж буцаад муу сургалттай ангилалд орж. Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл, Дундговь хамгийн олон байраар ухарсан байна. Говийн аймгуудын сургалт уруудаж байна. Баян-Өлгий аймагт онцгой анхаарах цаг болжээ. Жил болгон сүүлийн байранд орж байна. Харин Архангай, Ховд хоёр тааруу байгаа нь өөрсдөө багшийн сургуультай байгаа нөлөөлдөг байж магадгүй. Багш нар ямар сургууль төгссөн мэдээлэл дээр нэмэлт анализ хийх шаардлагатай.

“Нийслэлийн сурагчид тэмцээн, олимпиадад сайн ордог ч сурлага муу хүүхэд их байна”

-Нийслэлийн үзүүлэлт өнгөрсөн жил маш муу байсан. Энэ жил амжилтаа ахиулж уу, ухарч уу?

-Улаанбаатар хот өнгөрсөн жил 20-р байрт бичигдэж байсан бол энэ жил 20-р байрт байна. 

-Нийслэл ЭЕШ-д хойгуур байр эзлэж байгаа нь сургалтын систем муу байна гэж ойлгож болох уу?

-Хотын хүүхдүүд уралдаан тэмцээн, олимпиад сайн ордог боловч ихэнх нь муу сурч байна гэсэн үг. Хотын хөдөө буюу захын дүүрэг, гэр хорооллын сургуулийн орчин хөдөөний сумын сургуулиас муу байх өндөр магадлалтай. XXI зуунд улсын нийслэлийн хүүхдүүд гадаа модон жорлонтой, гал түлж халаадаг байж магадгүй. Боловсролын тэгш бус байдал даамжрах юм бол ядуусын хороолол, баячуудын хороолол бий болно. Сургуулийн байршлын мэдээлэл нэмээд ил болгодог бол олон чухал дүгнэлт хийж болно. Боловсролын тэгш бус байдал, хүртээмжийн талаар ярихаар УИХ-ын гишүүд үнэтэй лаборатори сургууль байгуулах талаар ярих хэрэггүй. Бүх хүүхдэд адилхан боломж олгох ёстой. Сайн хүүхдүүдийг ялгаж аваад үнэтэй, сайн орчин сургахаар сайн сурна. Олимпиад уралдаан тэмцээний тусгай сургалт байх ёстой. Энэ болж байна. Хотын хөдөө буюу захын сургууль, хотын төвийн сургуулийн орчин адилхан болгох талаар ярих цаг болсон.

“Биологийн багш нар шиг ажиллах юм бол математик, физик, сөнөж байгаа химид боломж байна”

-Тэгвэл улсын хэмжээнд хүүхдүүд аль хичээлдээ илүү сайн байна гэж харж болох вэ?

-Цөөхөн хүүхэд сонгож шалгалт өгдөг Орос хэл, газар зүй, түүхийн хичээл дээр хүүхдүүдийн median оноо өндөр байна. Эндээс зорилготой цөөхөн хүүхдийг багш нар нь сайн бэлтгэж байна. Бусад хичээлийн багш нар энэ гурван хичээлийн багш нар шиг хичээвэл хүүхдүүд сайжрах болно. Хичээлүүдийн дараалал median оноогоор байгаа. Эндээс хамгийн сайн оноотой нь Орос хэл. Хамгийн муу нь Хими. Сайн дөрвөнхичээлийн 3 нь нийгмийн чиглэлийн хичээл байна.  Муу дөрвөнхичээлийн гурав нь байгалийн ухааны хичээл. Байгалийн ухааны хичээл ярихаар үнэтэй лаборатори, үнэтэй багаж хэрэгтэй юм шигээр тархи угааж хүмүүсийг хайрцагладаг. Гэтэл биологийн хичээл дундаж байна. Биологийн багш нар шиг ажиллах юм бол математик, физик, сөнөж байгаа химид боломж байна.

-Хэмжээст оноо гэхээр л хүүхдүүд өөрсдийнхөө оноог ч тодорхойлж чадахгүй төөрөлдсөн хэвээр байна. Ер нь яах ёстой вэ. Хэмжээст оноо нь хэр оновчтой вэ?

-Хэмжээст оноо босго оноог тогтооход хэрэгтэй. Жишээ нь бүх хичээлийн босго 400 оноо. Их сургуулийн босго 480 гэж тогтооход хэрэг болно. Босго 400 оноог тогтоохдоо шалгалт өгсөн хүүхдүүдийн ойролцоогоо 85% дээд сургуульд, ойролцоогоор 57% их сургуульд орно гэж тогтоож байна. Энд хүүхдийн юу мэдэж байгаа, их, дээд сургуульд ороод сурч чадах нь огт хамаагүй. Тиймээс хэмжээст оноог болих хэрэгтэй. Яагаад хүүхдүүдийг 85%, 57% тайрч байгаагаа хэлэх шаардлагатай. Хаанаас ийм хоёр тоо бодож олсноо хэлэх хэрэгтэй.

-Тэгвэл хэмжээст оноог болих гол шалтгаан нь юу байна?

-Хэмжээст оноог болих чухал шалтгаан нь шударга бус байдал. Жишээ нь, Монгол хэлний 100 онооноос 37 оноо авсан хүүхэд дээд сургуульд орж чадахгүй бол хими дээр 598 оноо буюу дээд сургуулийн босго оноог давна. Median дундаж гэдгийг ойлгох юм бол Монгол улсын боловсрол ямар хүнд байдал байгааг ойлгох болно. Жишээ нь, Монгол хэлний median дунджаар 52 гэдэг нь Монгол хэлний 100 онооноос 52 оноо авч байна. Хими дээр 100 оноос 22 оноо. Химийн босго 400 оноо гэдэг 100-аас 16 оноо авсан гэсэн үг. Юу ч бодохгүйгээр зөвхөн А хариултыг дугуйлахад авах боломжтой байж магадгүй. Өөрөөр хэлбэл нэг хариулт сонгож бөглөөд дээд сургуульд орж магадгүй гэсэн үг. Нэмэлт мэдээлэл байвал зөв, бурууг харж болно. Физик, Англи хэл, Математик, Хими median оноог 50 дөхүүлэх зорилго тавьж ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол байгалийн ухааны сөнөж байна. Хэмжиж чаддаг юмыг сайжруулах зорилго тавьж байж хийсэн ажил хир үр дүнтэй байгааг хэлж чадна. Харин муу хичээлүүдийн median оноог дээшлүүлэх. Хотын хөдөө буюу боловсролын тэгш бус байдлыг нэн даруй засах, боловсролын хүртээмжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог дээшлүүлэх буюу боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд таны бодлоор ямар гаргалгаа байна?

-Их, дээд сургуулиуд хичээл хоцрогдлыг арилгах ажилд оролцох. Үүний тулд тухайн мэргэжлээр сурахад дунд сургуулийн ямар хичээлийн ямар ойлголтыг мэддэг байх ёстойг тодорхойлж ойлголт тус бүрээ 5-10 минутын видео контент хийх. Байгалийн ухааны багш нар үнэтэй лаборатори, үнэтэй багаж төхөөрөмж мөрөөдөж байхаар биологийн багш нар шиг хичээвэл боломж байна. Цөөхөн хүүхэд өгдөг хичээл дээр өндөр оноотой байгааг анхаар бусад хичээлийн багш нарыг бэлтгэх л чухал байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)