Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий Улсын их баяр наадмын барилдаанд шөвгийн дөрөвт үлдэх, цаашлаад түрүүлэх магадлал хамгийн өндөр бөхөөр нэрлэгдэж байна. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр болсон наадмын сорилго барилдаанд түрүүлсэн билээ. Бөхчүүдийн хувьд наадмын сорилго барилдаанд хэр амжилттай барилдана төдий чинээ наадамд амжилттай барилдана гэж үздэг. Жил жилийн наадмаар сорилго барилдаанд өнгөтэй барилдсан бөхчүүд наадмаар их шөвөгт үлдэх, үзүүрлэх, түрүүлэх хэмжээний амжилт гаргадаг. Иймд улсын харцага Б.Бат-Өлзийг наадмаар өнгөтэй барилдана гэсэн бөх сонирхогчдын хүлээлт үүсжээ. Түүний хувьд зөвхөн сорилго барилдаанд ч гэлтгүй он гарсаар заал, танхимын барилдаанд тогтмол барилдаж олон үзүүр, түрүү аваад байгаа билээ. Тиймээс наадмаар түрүүлэх бөхчүүдийн нэрсийн жагсаалтад дээгүүрт бичигдэж байгаа нь зүй ёсны хэрэг юм.
Баярхүүгийн Бат-Өлзий нь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой, 1993 оны 4 сарын 5-нд төрсөн. Түүний хувьд 2009 онд Ховд аймгийн Чандмань суманд түрүүлж сумын заан цол хүртсэн байдаг. 2010 онд Шонхор дээд сургуульд орж, бэлтгэлээ хийж эхэлсэн байна.
Улсын наадамд хоёр дахь жилээ барилдаж улсын харцага цолыг хүртсэн. Ингэхдээ эхний жил буюу 2015 оны наадмаар аварга Д.Санжаадамбыг заан цолтой байхад нь дөрвийн даваанд оноо тааран өвдөг шороодсон. Харин 2016 онд аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч "Монгол улсын харцага" цол хүртсэн.
Он |
Амжилт |
Бөхийн тоо |
2013 |
Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртсэн. |
256 |
2013 |
Ховд аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. |
256 |
2014 |
Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Тайванд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн |
256 |
2014 |
Орхон аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Бадамгараваар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. |
256 |
2016 |
Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. |
256 |
2016 |
АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Нямсүрэнгээр дөрөв, улсын начин Б.Амарзаяагаар тав, аймгийн арслан Д.Анараар зургаа даван шөвгөрч "Монгол улсын харцага" цол хүртсэн. |
1024 |
2019 |
АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Отгонбаатараар дөрөв, аймгийн арслан Б.Бат-Амгалангаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. |
512 |
Улсын харцага Б.Бат-Өлзийгийн хувьд наадмын сорилго гэлтгүй 2022 оны босгон дээрх хоёр ч Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн. Мөн он гарсаар заал танхимын барилдаанд идэвхтэй оролцож олон түрүү, үзүүрийг аваад байгаа юм.
Түүнийг бөхийн хорхойтнууд энэ жилийн наадмаар түрүүлэх тухай ч яриад байгаа аж.
Он гарснаас хойшхи улсын харцага Б.Бат-Өлзийгийн амжилтуудаас дурдвал:
Зургаадугаар сарын 26-нд "Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлэв.
Зургаадугаар сарын 12-нд Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлэв.
Тавдугаар сарын 7-ны Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Х.Гантулга түрүүлсэн.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, "Монтед" констракшн, “Империал Кастли” ХХК, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий шалгарсан.
Дөрөвдүгээр сарын 7-ны Ардчиллын баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, "Монтед" констракшн, Империал Кастли ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлсэн.
Хоёрдугаар сарын 27-ны "Бизкон аудит" ХХК-ний 20 жилийн ойд зориулсан "Монгол улсын начин цолны хүндэтгэл" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч түрүүлсэн бол Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарсан юм.
Хоёрдугаар сарын 1-ний "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн сар шинийн барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Сүлд" СХ, "Хатант интернэшнл" компани, "Бөхбилэгт" дэвжээний бөх аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал 8 даван түрүүлсэн.
Дунд шөвөгт улсын гарди Б.Гончигдамба, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Зоригтбаатар нар шалгарсан.
Нэгдүгээр сарын 13-ны Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд улсын гарди М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар тэргүүтэй 256 бөх зодоглосноос улсын харцага О.Хангай түрүүлж, Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Ө.Даваабаатар, Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Серик, Г.Ганжад нар шалгарсан.
Мөн түүний хувьд оны өмнөх хоёр удаагийн Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн.
2021 оны арванхоёрдугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр тэргүүтэй 128 бөх зодоглосноос улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын эзнээр дахин тодорч, тус цомыг үүрд хадгалах эрхтэй болсон.
2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос Б.Бат-Өлзий харцага түрүүлж, Б. Пүрэвсайхан заан үзүүрлэсэн.
А.МӨНХНАРАН