"ЭЕШ 2022"-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр БҮТ-ийн захирал Л.Ганбат "Цаашид ЭЕШ-ыг олон улсын жишигт нийцүүлэхээр судалж, ажиллаж байна. Бид ирэх намар оюутан элсүүлэх журам шинэчлэгдэж байгаатай холбоотой мэдээллийг зарлана.
Ирэх 2023 оноос эхлэн хүүхэд бүхэн математик, англи хэл, монгол хэл, байгалийн ухааны нэгдмэл агуулга зэрэг хичээлийн шалгалтыг заавал өгдөг байхаар шийдвэрлэнэ.
Гэхдээ суурь боловсролын шалгалтын материал, сонгон судлах боловсролын материал хоёрыг ялгаатай боловсруулна. Мөн англи хэлний олон улсын шалгалтын оноог дотоодод дүйцүүлнэ" гэв.