Харцага О.Хангай ҮЗҮҮР, ТҮРҮҮНД үлдэх магадлал ӨНДӨР

Admin | 2022-06-28


     Монголчууд наадам дөхөөд ирэхээр аль нутгийн, хэн гэдэг аавын хүү төрүүлж түмнээ баясгах бол хэмээн ам уралдан ярьж, дэмждэг бөхийнхөө төлөө битүүхэн залбирч суудаг  ард түмэн билээ. Арга ч үгүй, бөхийн барилдаан бол эрт үеэс монголчуудын өв соёлыг тээж ирсэн үндэсний спорт юм. Саяхан наадмын сорилго барилдаан болж бөхчүүд жилийн өнгөө үнэлж дүгнээд одоо наадмын бэлтгэлдээ аль хэдийнэ гараад байна. Харин бөх сонирхогчид өөр хооронд эд наадмын түрүү бөхийн таавар дэвшүүлээд эхэлжээ. Өнөө жилийн наадмаар дээгүүр барилдах бөхчүүдийн тоонд яах аргагүй Монгол Улсын харцага О.Хангай яригдаж байна. Харцага О.Хангай болон Б.Бат-Өлзий хоёр сүүлийн хэдэн сарын барилдаанд тасралтгүй барилдаж, тогтмол өндөр амжилт үзүүлсэн. Ингэхдээ шөвгийн дөрвөөс доошоо даваанд унасан нь бараг үгүй. 

Ховд аймаг олон хүчтэнтэй. Гэхдээ улсын наадмын түрүү төрөлгүй олон жил болж байгаа юм. 81 жил тасраад буй амжилтыг үргэлжлүүлэх зорилго Ховдын хүчтэнүүд тэр дундаа улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага О.Хангай нарт илүүтэй буй.

Оргихын Хангай нь 1990 онд төрсөн. Ховд аймгийн Буянт сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх юм.

 2018 онд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсэн.

Түүний хувьд ХААИС-ийн газар зохион байгуулалтын ангид дөрөвдүгээр курст сурч байхдаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн байдаг.

Оргихын Хангай нь 2010 онд сумын начин цолыг хүртсэн. Түүний улс, аймгийн наадмын дэвжээнд гаргасан амжилтуудаас дурдвал:

Улсын наадмын дэвжээнд гаргасан амжилт

Он

Амжилт

Бөхийн тоо

2017

АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн.

512

2019

АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.

512

2020

2019 онд улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн байсан тул АХ-ын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.

1

Аймгийн наадмын дэвжээнд гаргасан амжилт

Он

Амжилт

Бөхийн тоо

2012

Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж

"Аймгийн заан" цол хүртсэн.

256

2013

Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн.

256

2013

Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж

"Аймгийн арслан" цол хүртсэн.

256

2017

Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртсэн.

256

Түүнийг улсын харцага цол авснаас хойш заал танхимын барилдаанд дийлдэхээ больсон гэж бөхийн хорхойтнууд ярьцгаадаг. Тиймдээ ч он гарсаар заал танхимын барилдаанд цөөнгүй амжилтыг гаргаад байгаа.

Он гарснаас хойшхи улсын харцага О.Хангайгийн амжилтуудаас дурдвал:

Зургадугаар сарын 5-ны Дашваанжил Газ ХХК-ийн 30 жилийн ойн нэрэмжит "Чингэлтэй хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” СХ, “Нью прогресс” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” СХ, "Од" групп, "Их Монгол" Сан, "Эм Жи Ө транс" ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэсэн.

Тавдугаар сарын 28-ны Дархан аварга Шаравын Батсуурийн нэрэмжит "Улсын аварга цол"-д хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд дунд шөвгийн наймд улсын харцага О.Хангай, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарсан.

Дөрөвдүгээр сарын 23-ны Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан “Сонгинохайрхан уулын хишиг” улс, аймгийн алдар цолтой эрэмбэ, чансаатай хүчит 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” СХ, “Хос түрүү” ХХК, “Атар трейд” ХХК, Таван-Хан дэвжээний бөх, улсын харцага Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” СХ, "Од" групп, "Их Монгол" Сан, "Эм Жи Ө транс" ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэсэн.

Дөрөвдүгээр сарын 7-ны Ардчиллын баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, "Монтед" констракшн, Империал Кастли ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Аврагч спорт хороо, Од групп, "ЭМ ЖИ ӨҮ транс" ХХК, Ховд дэвжээний бөх, улсын харцага Оргихын Хангай үзүүрлэсэн.

Нэгдүгээр сарын 13-ны Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд улсын гарди М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар тэргүүтэй 256 бөх зодоглосноос улсын харцага О.Хангай түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Ө.Даваабаатар, Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Серик, Г.Ганжад нар шалгарсан.

А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)