
Монголчуудын эрт үеэс өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн үндэсний баяр бол Цагаан сар, Наадам юм. Энэхүү баяруудад монголын түүх, уламжлалт ёс заншил, өв соёл цөм агуулагдаж байдаг учир өнөөдөр ч ард түмний бахархлыг төрүүлдэг билээ. Цагаан сар өвлийг өнтэй давж хавартай золгосны баяр бол Наадам зуны дэлгэр цагт хүн, малын зоо тэнийж сур харваж, бөх барилдаж, морь уралдуулж түмэн олноороо цэнгэлийг эдэлдэг баяр юм. Наадам гэдэг үгийг “монгол үндэстний зуны дэлгэр баяр, олон төрөлт спортын тэмцээн” хэмээн толь бичигт тайлбарлажээ. Монгол наадмыг 2015 онд ЮНЕСКО “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн авсан байдаг.
Тэгвэл Үндэсний их баяр наадмыг Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн судлаачид үздэг байна. Түүнчлэн XIII зууны Монголын нууц товчоонд бичигдснээр “хуран сар” буюу долдугаар сард наадмыг тэмдэглэж ингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулж буцах замд найрлахад Хасарын хүү Есүнгэ 500 алд газар харвасныг дурдсан байдаг. Тиймээс наадам бол монголчуудын хувьд өнө эртнээс улбаатай өвөг дээдсээс уламжилж ирсэн асар их өв соёлын тээсэн баяр билээ. Наадам морь, сур, бөх наадамтай салшгүй холбогддож иржээ. Учир нь судлаачдын хэлж буйгаар эрт дээр үеэс монгол эрчүүд дайснаа дарахдаа морь унаж, нум сум тавих бөгөөд зэр зэвсэггүй тохиолдолд биеийн бяр хүч, мэхээр буулгаж авдаг байсантай холбоотой ажээ. Иймд тулгар төрийн үүсэл ч гэж үзэх нь бий.
Харин 1639 онд монголчууд Өндөр гэгээн Занабазарыг бурхан шашны тэргүүнээр өргөмжлөх үеэр “Долоон хошуу даншиг наадам” зохион байгуулж байжээ. Энэ бол өнөөдрийн бидний өргөн дэлгэр тэмдэглэдэг наадмын анхны албан ёсны хувилбар юм. Наадмын өдрүүдэд морь уралдуулах, бөх барилдах, нум сур харвах, шагай харвах гэсэн үндэсний спортын тэмцээнийг зохион байгуулдаг билээ.
Монголчууд тухайн цаг үеэсээ хамаараад:
- Долоон хошуу даншиг наадам
- Арван засгийн наадам
- Ардын төрийн наадам
- Үндэсний их баяр наадам хэмээн нэрлэн тэмдэглэж иржээ.
Түүхийн хуудаснаа хэд хэдэн удаа нэр нь солигдож ирсэн наадмын тухай сонирхуулъя:
Долоон хошуу даншиг наадам:
1639 онд Өндөр гэгээн Занабазарыг бурхан шашны тэргүүнээр сонгох үеэр Долоон хошууны түмэн олон цуглан даншиг наадам зохион байгуулжээ. Энэхүү наадамд лам барилдан түрүүлж байсан бол Бонхор донир гэгчийн морь түрүү магнай хүртсэн гэдэг.
Арван засгийн наадам:
1772 онд Хэнтий уулын тахилгын үеэр их наадам зохион байгуулжээ. Үүнийг Арван засгийн наадам хэмээн нэрлэсэн бөгөөд 1912 оноос жил бүр зохион байгуулагдаж төрийн наадам болсон түүхтэй аж. Арван засгийн наадам Богд хаан нас барах хүртэл буюу 1925 он хүртэл зохион байгуулжээ.
Ардын төрийн наадам:
1922 оноос Цэргийн наадам тэмдэглэж эхэлжээ. Энэ үеэр цэргүүд бургас цавчих зэрэг цэргийн эрдмийг урлагийн номероор үзүүлдэг байна. Энэхүү наадмыг Богдыг хаан ширээнд дахин залсан ба "Ардын" засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд наадахаар заасан аж. Тухайн Цэргийн ба Арван засгийн наадамд хоёуланд нь Вандан аварга түрүүлсэн байна. Үүний дараа 1925 оны тавдугаарсарын 15-нд Засгийн газрын хуралдаанаар хоёр наадмыг нэгтгэж, наадмын өдрийг долдугаарсарын 11 гэж заажээ. Энэ үеэс "Ардын наадам" гэж байгаад Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс буюу 1946 оноос хойш "Ардын хувсгал ялсны ой" гэж тодотгох болжээ.
Үндэсний их баяр наадам:
1990 оноос хойш Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан Нам хоёр нам наадмын тодотгол дээр сөргөлдөх болсон байна. 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадам Монголын тулгар төр байгуулагдсны 790 жилийн ой гэж тэмдэглэгдэв. 2006 онд «Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой» болгон тэмдэглэсэн. 2015 оны байдлаар Хүннү улс нэгдсэн оноос эхлэн наадмын тодотголыг «Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам» хэмээн тэмдэглэх болжээ.