Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд эхлэхэд цөөн хоног үлджээ. Монгол түмний хүсэн хүлээдэг, онцгой баяр нь наадам бөгөөд наадмын гол чимэг нь бөхийн барилдаан байдаг.
Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаантай холбоотой сонирхолтой тоон мэдээллээрээ Төрийн наадамд хамгийн олон давсан бөхчүүдийг танилцуулж байна.
1. Дархан аварга Хорлоогийн Баянмөнх /250 даваа/
Увс аймгийн Хяргас сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх улсын их баяр наадамд 250 давжээ. Тэрээр 10 удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэж, 30 шахам удаа шөвгөрсөн цуут бөх юм.
2. Дархан аварга Жигжидийн Мөнхбат /224 даваа/
Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат улсын их баяр наадамд 224 давжээ. Түүний хувьд таван жил дараалан түрүүлсэн, анх барилдахдаа шууд шөвгөрсөн байдаг. Мөн 53 насандаа шөвгөрсөн зэрэг бахдам амжилтын эзэн юм.
3. Дархан аварга Дарийн Дамдин /219 даваа/
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдин улсынхаа их баяр наадамд 219 давсан байна. Тэрээр улсын наадамд анх удаа тав дараалан түрүүлсэн, зургаан жил дараалан түрүү булаалдсан, 20 гаруй шөвгөрсөн, хамгийн бага цаг зарцуулж шөвгөрсөн зэрэг амжилтыг мөнхөлжээ.
4. Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ /193 даваа/
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ төрийн их баяр наадамд 193 давжээ. 12 удаагийн түрүү, нэг үзүүр, долоон их шөвөг, хоёр дунд шөвөг, нэг бага шөвөг хүртсэн тэрээр улсын наадамд хоёр удаа шөвгөрөөгүй байна. Анх барилдсан жилээ гурав, хамгийн сүүлд барилдахдаа дөрөв давсан байна.
5. Дархан аварга Бадамдоргийн Түвдэндорж /173 даваа/
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, үндэсний спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж улсын их баяр наадамд 173 давжээ. Тэрээр ид барилдаж байх үедээ барилдахгүй өнжсөн тохиолдол цөөнгүй байдаг.