Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд “Оргил” хорооллын эхний ээлжийн 126 айлын орон сууцны барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, “Шинэ Барилга” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Доржпалам тэргүүтэй төлөөлөл оролцож, 23 дугаар хорооны иргэдэд шинэ байрны түлхүүрийг нь гардуулав.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 2519 нэгж талбарт газар чөлөөлөлж, нийт 11.755 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийслэлийн 19 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран, ажлаа эхлээд байгаа юм.