
Зэвсэгт хүчний жанжин штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ховд аймгийн 123-р ангийн цэргийн албан хаагчид сүрьеэгийн халдвар авсан талаар дараах мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар 24 цэргийн алба хаагч сүрьеэтэй нь батлагджээ. Халдвар авсан цэргүүд бүгд нууц, идэвхгүй үедээ байгаа учраас цэргээс халагдах нөхцөл үүсэхгүй гэдгийг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллэв. Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга хурандаа Т.Сүхбаатар “Зэвсэгт хүчний 123-р ангид гарсан тохиолдлын хувьд өнгөрсөн гуравдугаар сард оношлогдсон. Хугацаат цэргийн албан хаагч цэрэгт татагдахаасаа өмнө үеэлтэйгээ амьдардаг байсан. Үеэл нь уушгины олон юманд тэсвэртэй сүрьеэрээр өвчилсөн хүн гэдэг нь тархвар зүйн судалгаагаар тогтоогдсон. Тухайн цэргийн албан хаагч нууц үедээ байхдаа цэрэгт татагдан ирээд, гуравдугаар сард уушгины сүрьеэ болж идэвхжиж, тухайн ангид анхны тохиолдол бүртгэгдсэн. Дөрөв, тавдугаар саруудад Ховд аймгийн бүсийн оношлогооны төв, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн Тандалтын албатай хамтран гурван удаагийн тандалтыг хийсэн. Сүүлийн тандалт буюу долдугаар сарын 1-10-ны хооронд хийсэн тандалтаар нууц үедээ явж байсан, идэвхгүй хэлбэрийн 24 сүрьеэгийн тохиолдол оношлогдсон. Эдгээр бүх тохиолдол нь идэвхгүй хэлбэрийн сүрьеэ гэж үзсэн.
Цэргийн албан хаагчид хуаранд бөөгнөрч амьдарч байгаа учраас тухайн цэрэгтэй нэг салаанд байсан хүүхдүүд түлхүү өвдсөн. Сүрьеэ өвчний нууц хугацаа зургаан сар үргэжилдэг. Тухайн хүнд цэргийн албанд татагдахад зургаан төрлийн шинжилгээ хийдэг бөгөөд рентген зураг нь зүгээр байсан. Харин цэрэгт ирээд ковидоор өвдөж, бүсийн оношлогооны төвд цээжний зураг авахуулахад сүрьеэтэй нь тогтоогдсон. Эрүүл мэндийн сайдын тушаал, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу сүрьеэгийн халдвар, голомттой ойрхон байсан хүмүүсийг заавал эмчилгээнд хамруулах ёстой. Мөн тухайн цэргийн албан хаагчдыг урьдчилан сэргийлэх тунгаар эмчилгээнд хамруулж байна. Төлөвлөгөөний дагуу наймдугаар сард тандалтын багийг дахин ажиллуулна” гэв.
Түүнчлэн сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Сүрьеэгийн халдвар авсан цэргүүд шууд халагдах уу?
-Халагдах нэг үндэслэл мөн. Гэхдээ бүх хүүхэд идэвхгүй хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн. Халдвар тараах эрсдэлгүй.
-Тухайн цэргийн ангийн даргыг ажлаас нь чөлөөлөх үү?
-Одоогоор чөлөөлөх тушаал гараагүй. Хэвлэл мэдээллийн ажилтантай ёс зүйгүй харьцан асуудлууд гарсан. Шалтгалтын ажил үргэлжилж байна. Түүнчлэн, Монгол-Оросын Зэвсэгт хүчний хамтарсан сургуулилт наймдугаар сарын эхээр Ховд аймгийн нутаг дэвсгэрт болно. Гэхдээ 123-р анги оролцохгүй.