Г.ЁНДОН: АИ-92 бензинийг он дуустал 2390 төгрөгөөр борлуулах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулсан

Admin | 2022-07-26


   Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН: Өнгөрсөн жилийн хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувийн өсөлттэй байна. Хаврын тариалалт ба ургац хураалтад 20-25 мянган тонн түлш хэрэгтэй. Засгийн газраас намрын ургац хураалтыг бэлтгэхэд 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түлшний үнийн түвшинд байлгахаар Засгийн газрын нөөц сангаас таван тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэ татаасыг бид ургац хураалтын гүйцэтгэлээр хүнсний ногоо, төмс, улаан буудайн ургац хураалтын балансын дүнгээр олгохоор болж байна. Улсын хэмжээнд нийт 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянга га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал тариалж, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Наймдугаар сарын 20-н гэхэд ургацын урьдчилсан дүн гарна. Мөн ургац хураалдтад нийт 10-15 мянган оюутныг ажиллах хүчээр бэлтгэнэ. Мөн орон нутгийн шинж чанартай, ургац хураалтад ашиглагддаг зам засварын ажлыг холбогдох сайд нарт даалгасан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: АИ-92 шатахууны гаалийн албан татварын наймдугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлсөн байсан. Энэ арга хэмжээг он дуустал 2390 төгрөгөөр борлуулах чиглэлээр Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Оны эхнээс өнөөдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүн, түүхий тосны үнэ 70-80 хувь өссөн. АИ-95, дизель түлш, АИ-98 шатахууны төрлүүд 2018 оноос хойш зах зээлийн зохицуулалтаар явж байгаа. Төрийн зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ авсан.

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ: Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын ажлын төлөвлөгөөг баталлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур дахь айлчлалын хүрээнд дөрвөн санамж бичигт гарын үсэг зурсан. Хилийн боомтын асуудал шийдэгдэж, хэвийн горимдоо шилжсэн. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И сайдын айлчлалын товыг тохирч байж зарладаг учраас хэлэх боломжгүй байна. Хятад улстай иж бүрэн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, хоёр орны эдийн засаг, хилийн боомтын асуудлыг хэлэлцэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)