Төв цэнгэлдэх хүрээлэнд үхрийн мах килограмм нь 9500-10000 төгрөгийн үнэтэй байна

Admin | 2021-12-01


А.Мөнхнаран

2021.12.02

Нийслэлийн хүн амын махны нийлүүлэлтийг нэмэх зорилготойгоор “Өвлийн идэш” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү өргөтгөсөн худалдаанд махнаас гадна сүү, цагаан идээ худалдаалагдаж байна. Өргөтгөсөн худалдаанд борлуулагдаж буй бүх мах, сүү зэрэг бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээтэй гэдгийг албаныхан онцолж байлаа. Мөн шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, даршилсан ногоо зэрэг бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Иргэдийн хөл хөдөлгөөн ч их байв.

Мөн иргэдийн цагийг хэмнэх үүднээс “Монгол шуудан” компанийн үйлчилгээг ашиглан өвлийн идшээ орон нутгаас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл хүргүүлэн авах боломжтой аж. Тус үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Махны үнэ ханш:

Адууны мах кг нь: ястай-7000 төгрөг

                                    цул-8500 төгрөг

Үхрийн мах кг нь: ястай -9500 төгрөг

                                 цул-10000 төгрөг

Хонины мах кг нь: ястай-7000 төгрөг

                                  цул-8000 төгрөг

Ямааны мах кг нь: ястай-6000 төгрөг

                                  цул-6500 төгрөг

Бэлтгэсэн дотор гэдэс, толгой шийр-15000 төгрөгийн үнэтэй байна.

 Жимс жимсгэнийн үнэ ханш:

Аньс, нэрс (өтгөрүүлсэн) 1.3 литр- 20000 төгрөг

Үхрийн нүд (өтгөрүүлсэн) литр- 18000 төгрөг

Чацаргана кг нь- 9000 төгрөг

Самар кг нь-25000 төгрөг

Цагаан идээний үнэ ханш:

Ааруул (чихэртэй) кг нь-20000-22000 төгрөг

Ааруул (чихэргүй) кг нь-25000 төгрөг

Аарц кг нь- 5000 төгрөг

Өрөм кг нь-12000 төгрөг

"Өвлийн идэш 2021" махны өргөтгөсөн худалдаанд Дундговь, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Хэнтий, Завхан, Увс зэрэг аймгуудаас малчид иржээ. Товчхондоо малчдын гараас иргэд шууд худалдан авалт хийж байна гэсэн үг юм. Тухайлбал, Дундговь аймгийн малчин Л.Баянмөнх “Би Дундговь аймгаас ирсэн малчин хүн. Уг арга хэмжээнд өнөөдөр нэг адуу, дөрвөн ямааны махтай ирсэн. Хөдөөнөөс авчирсан махаа ямар ч байсан дуусч байна. Энд махны үнэ томоохон захуудаас ч хямд байгаа учраас иргэд ч их ирж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Иргэд мах худалдан авсан даруйдаа хөрөөдөж, жижиглүүлэх сонирхолтой байдаг юм байна. Энэ үйлчилгээг үзүүлж буй асар нэлээд дараалалтай харагдав. Ястай махыг хөрөөдөх үйлчилгээний үнэ 1 килограмм нь 100 төгрөгийн үнэтэй байлаа.

Мөн иргэд хүнсний ногооны их худалдан авч байв. Сэлэнгэ аймгийн Зүүн-Мөрөн сумын тариаланч А.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэдийн худалдан авалт хэр байна вэ?

-Худалдан авалт сайн байна. Би өөрөө хувиараа ногоогоо тарьдаг. Тарьсан ногоогоо даршилдаг учраас бүгд органик, уксус ч ороогүй бүтээгдэхүүнүүд. Ковид гээд амталгаа хийлгэхгүй байна, уг нь амталгаа хийлгэсэн бол худалдан авалт бүр сайн байх байлаа.

-Таны лангуун дээр даршилсан ногоо их харагдлаа. Өөрөө даршилсан уу?

-Тэгсэн. Манжин гэхэд л тосонд дарчихсан байна. Хүмүүс энгийн манжинд дургүй байдаг учраас тосонд өөрөөр нь дарах технологийг ашигладаг. Ингэж дарахаар их гоё амттай болдог. Манайх зундаа тариалангийнхаа зав зайгаар гишүү, халиар түүгээд дарчихдаг. Ээжтэйгээ хоёулаа бүх зүйлээ хийчихдэг учраас хүний гар харахгүй амар байдаг. Түүний даршилсан ногоонууд 5000-15000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

Үзэсгэлэн худалдаа дээрх сонирхол татсан барааны нэг бол суран сүлжээстэй ширэн эмээл байсан юм. Тус эмээлийн хувьд Сэлэнгэ аймагт үйлдвэрлэсэн хувь хүний бүтээл аж. Үнийн хувьд 550.000-1.300.000 хооронд худалдаалагдаж байлаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)