"Ерөнхийлөгч" СКАНДАЛ

Admin | 2022-08-14


   Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазартай хамт замын ажил шалгав. Энэ үеэрээ олны анхаарлыг татах хэд хэдэн мэдээлэл хийсэн юм. Үүний нэг нь “тамхины иш хаясан иргэнийг 50 сая төгрөгөөр торгодог болох хэрэгтэй” хэмээн хэлсэн нь цахим орчинд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх автобусанд албан хаагчдаа зандарч, их л ажил хэрэгч зан гаргахыг хичээж байв. Яг энэ дүр зургийг Монгол Улсын ерөнхий сайд гаргаж хээвнэг “Иргэдийг 50 сая төгрөгөөр торго” хэмээн том дуугарав. Бодвол бас Сингапурын жишээ аваа юм байлгүй.

Гэхдээ саяхан л иргэдтэй хамт болохгүй, бүтэхгүй бүхний төлөө тэмцэнэ хэмээн талбай дээр жагсагчдад амлалт өгөөд зогсож байсан ерөнхий сайд маань өнөөдөр ард түмнээ торго, торгууль нь багадаад байна гээд зогсож байх юм.

Магадгүй төсвийн мөнгөөр ХӨШӨӨ бариад нураагаад мөнгөтэй болчихсон хүнд 50 сая татаад хаясан тамхины ишний үнэ байх.

Өнөөдрийн байдлаар ямар нэг хог хаясан иргэн, аж ахуй нэгжийг зөрчлийн хуулиар торгох заалттай. Тэгвэл эрхэм Ерөнхий сайд торгуулийн хэмжээг огцом нэмж 50 сая төгрөг болгох хэрэгтэй хэмээн хэлсэн нь амныхаа хийгээр унагачихав уу эсвэл зориуд тэгж хэлэв үү. Зүгээр ч нэг хэлээгүй болов уу. Учир нь шаардлагатай бол Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруул хэмээн хэлсэн. Хуулийн тухай цухуйлгасныг бодоход ор үндэсгүй санаа биш бололтой.

Тэгэхээр 500 мянган төгрөгийн цалинтай иргэн татсан тамхины ишийг хаяж байгаад гардуулбал дор хаяж 8 жил ажиллаж байж торгуулийн 50 сая төгрөгийг барагдуулах нь.Энэ 50 сая төгрөг гэдэг багаар бодоход нэг өрөө байрны мөнгө. Ерөнхий сайд иргэдээ татсан тамхиныхаа ишийг хаясныхаа төлөө байраа төрд тушаа гэж хэлж байгаатай агаар нэг биш гэж үү.

Мэдээж тамхиныхаа хогийг хаяхыг дэмжихгүй. Гэхдээ хаясан хогний торгууль бодит амьдралтай нийцэх үү гэдэг л гол асуудал. Шатахууны үнэ нэмэгдчихсэн, ам.долларын ханш өсчихсөн, инфляц хүчээ авчихсан энэ үед торгуулиас илүү эдийн засгийг тогтвортой байлгах нь Ерөнхий сайдын гол үүрэг, ажил. Гэтэл иргэдээ ядарсан дээр нь яр гэгчээр 50 сая төгрөгөөр торгоно гээд сууж байдаг төрийн тэргүүн байх уу. Үүний оронд тамхины ишээ хогийн саванд хийж хэвших талаар уриалсан бол арай өөр хүлээж авах байлаа, ард түмэн.

                                                                          Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)