СУРВАЛЖИЛГА: Нэг өрөө байр түрээслэхэд ХАГАС ЖИЛИЙН цалин шаардлагатай

Admin | 2022-08-18


Түрээсийн байрны эрэлт өдийд эрс нэмэгддэг. Учир нь хичээл сургууль эхлэхэд орон нутгаас хотод ирэх оюутнууд хамаатны айл байхгүй, дотуур байранд орж чадаагүй бол түрээсийн байр, хажуу өрөө түрээслэхээс өөр сонголтгүй болдог. Тэгвэл энэ жил түрээсийн байрны үнэ 25-45 хувиар өсчээ. 

Нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 690 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөг 

Тодруулбал, орон сууцны түрээсийн нэг мкв-ын дундаж үнийн өсөлт 2021 оны хоёрдугаар хагастай харьцуулбал:

  • Баянгол дүүрэгт 45.8 хувь
  • Баянзүрх дүүрэгт 35.9 хувь
  • Сонгинохайрхан дүүрэгт 27.1 хувь
  • Сүхбаатар дүүрэгт 23.9 хувь
  • Хан-Уул дүүрэгт 23.7 хувь
  • Чингэлтэй дүүрэгт 37.5 хувиар тус тус өсчээ.

Түрээслүүлэгчид орон сууцаа урт хугацаагаар түрээслэх сонирхолтой байдаг бөгөөд багадаа гурван сараас дээш хугацаагаар түрээсийн төлбөрөө авах гэрээ байгуулдаг аж. Үүн дээр нэмээд барьцаа нэг сарын төлбөр авдаг байна. Харин түрээслэгч иргэд сар сард нь төлбөрөө төлөхийг илүүд үздэг аж. Ийм шаардлагаас болж залуу гэр бүл болох Б.Мөнхбатийнх айлын хашаа түрээслэж монгол гэрт амьдрахаар төлөвлөжээ.

   Тэрбээр "Манайх хоёр хүүхэдтэй. Хүүхдийнхээ сургуульд ойр гээд таван жил 10-р хороололд нэг өрөө байр түрээслэсэн. Сарын төлбөр нь 600 мянган төгрөг. Эхнэр хоёр хүүхдээ хичээл сургуульд нь зөөгөөд би ажил хийдэг. Сардаа сая гаран төгрөгийн орлоготой. Гэвч цалин маань хаанаа ч хүрэхээ байлаа. Уг нь бид хоёр байр түрээслэх хугацаандаа байрны урьдчилгаа хураагаад өөрийн гэсэн байртай болно гэж бодож байсан. Үүн шиг худлаа юм байхгүй. Хэрэглээндээ таарна. Ямар хоосон хонолтой биш. Цалин нэмэгдэхгүй байхад бусад бүх зүйл нэмэгдчихсэн. Одоо өмнөх шигээ амьдрах боломжгүй болсон. Тиймээс айлын хашаанд гэр бариад амьдрахаас өөр сонголт үлдсэнгүй. Арай бага түрээстэй байх" гэв. Яг үүнтэй адилхан асуудал ярьж буй залуу гэр бүл их байв.

     Иргэн Г. Төмөр "Эхнэр бид хоёр байрны урьдчилгаа хараахан байхгүй учраас түрээсийн байранд амьдрахаар хайж байгаа юм. Бага насны хүүхдүүдтэй болохоор дулаан байранд байвал уг нь зүгээр санагдаад байгаа. Даан ч их үнэтэй юм.

Тэгсэн дор зээлээр орон сууцанд ороод сар бүр төлөлтөөсөө хасаж байвал дээр юм.

Гэхдээ хоёулаа нийгмийн даатгал хувиараа төлдөг болохоор зээлэнд хамрагдах боломжгүй юм байна. Тэгээд л түрээсийн байр хайж байна. Гэхдээ хоёр өрөө байр бараг нэг сая төгрөг гэж байна. Тэгсэн хэр нь төлбөрөө жилээр авна гээд байна" хэмээн ярьлаа. 

Нийслэлийн зургаан дүүргийн байрны үнийн харьцуулсан судалгаагаар нэг өрөө байр Баянгол дүүрэгт хамгийн бага буюу 700 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин Сүхбаатар дүүрэгт 1.3 сая төгрөг байна.

Зарын сайтуудад байршил, тавилга эсэх, ашиглалтад орсон он зэргээс хамааран түрээсийн байрны үнэ харилцан адилгүй байна.

  • Хажуу өрөө 300-450 мянган төгрөг
  • Нэг өрөө байр 650-1.3 сая төгрөг
  • Хоёр өрөө байр 800-1.8 сая төгрөг
  • Гурван өрөө бол 1.1-2.7 сая төгрөг
  • Дөрвөн өрөө бол 1.6-4.4 сая төгрөгийн үнэтэй байна.

Түрээсийн төлбөрийг зургаан сараас дээш хугацаагаар авна

Бид Баянгол дүүрэгт  байрлах Төмөр замд байршилтай засвар хийсэн нэг өрөө байр түрээслүүлнэ гэх зарын дагуу холбогдлоо. Тухайн зарын эзэн байрны түрээсийг хамгийн багадаа зургаан сараар авна, мөн барьцаа нэг сарын нөхцөлтэйгөөр түрээслүүлнэ гэв.  Түрээсийн үнийн хувьд нэг сарын 800 мянган төгрөг. Мөн сар сард нь юм уу хоёр сард төлбөрөө төлөх боломжтой эсэхийг тодруулахад боломжгүйгэсэн юм.

 Тэгэхээр нэг өрөө байр түрээслэхийн тулд сардаа нэг сая төгрөгийн цалинтай хүн дөрвөн сарын цалингаа нэмээд барьцааны төлбөр төлөх шаардлага үүсч байна.  

Бүх урсгал зардал орсон хажуу өрөө 360 мянган төгрөг

Сүхбаатар дүүрэгт байрлах 11-р хороололд байршилтай гал тогооны өрөөг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу холбогдлоо. Үнийн хувьд сарын 360 мянган төгрөг. Үүнд тог, ус, интернэтийн зардал багтсан гэв. Төлбөрийн нөхцөлийн тухайд мөн л 10 сараар авна. Нэмээд барьцаа нэг сарын төлбөр нэмэгдэнэ гэлээ.

IV курсийн оюутан Г. Нармандах: Түрээсийн байрууд ганц хөргөгчтэй болоод ирэхээрээ л 50-100 мянган төгрөг нэмэгдчихэж байна

Тэрбээр "Энэ жил үеэл дүү маань оюутан болж орж ирсэн. Бид өөр сургууль учраас нэг сургуулийн оюутны байранд хамт байх боломжгүй учир хажуу өрөө юм уу, нэг өрөө байр түрээслэх гээд хайж байна. Нэг өрөө байр үнэтэй байгаа учир хажуу өрөө түрээслэхээр шийдсэн. Хажуу өрөөнүүд тавилгатай, тавилгагүйгээсээ хамаарч 300-500 мянган төгрөгийн хооронд байна. Ганц хөргөгчтэй болоод ирэхээрээ л нэг сарынхаа түрээсэнд 50-100 мянган төгрөг нэмэгдэж байна" гэв.

Цалингийнхаа талаас илүү хувийг түрээсэнд өгч байгаа учир залуус байрны урьдчилгаа хийх боломжгүй байна

Манай улсын сарын дундаж орлого 1.3 сая төгрөг.  Гэвч нэг өрөө байрны түрээсийн төлбөр өрхийн сарын дундаж орлогоос даваад байна. Түрээсийн байрны үнэ нэмэгдсэнээр иргэдэд санхүүгийн дарамт үүсгэх нь гарцаагүй. Залуу гэр бүлүүд цалингаасаа байрны урьдчилгаа хиймээр байвч цалингийнх нь талаас илүү нь түрээсэнд, үлдсэн хэдэн төгрөг нь хоол хүнс, хэрэглээнд нь таардаг. Иймд залуу гэр бүлийн шинэ байранд орох хүсэл мөрөөдөл болон замхарсаар...

А.МӨНХНАРАН

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)