Одоогийн сайд нараас хэн хамгийн түрүүнд мултрах вэ?

Admin | 2022-08-22


   Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр УИХ-ын хэдэн ч гишүүн сайд болох боломж нээгдсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, ойрын өдрүүдэд Цэцийн шийдвэрийн талаар хэлэлцэж буй. Чуулгантай зэрэгцэн МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Түүнчлэн үдээс хойш МАН-ын удирдах зөвлөл хуралдаад авав. Үүнээс харахад УИХ-аас сонгох “давхар дээл”-тэй сайд нарыг сонгох асуудал нэлээд шуурхайлж байгаа бололтой. МАН-ынхан ч өвөр зуураа хэн, хэнийгээ сайд болгох талаар яриад эхэлж. Яриад ч гэж аль Цэцийн шийдвэрээс өмнө тохироо хийсэн нь хийчихээд Цэцийг зүтгүүлсэн нь ойлгомжтой.

Харин одоо хэн хэн сайд болох вэ гэдэг олны анхаарлыг татах гол сэдэв болоод байна. Улстөрийн хүрээнийхэн эхнийн ээлжинд УИХ-д хоёр удаа сонгогдсон, Байнгын хороо даргалж байсан гишүүд улаан шугамаар сайдын сэтэртэй болно гэж таамаглаж байгаа. Магад ч үгүй. Гэхдээ Ерөнхийлөгч өөрийн хүнээ тоонд оруулах нь мэдээж. Харин үлдсэн сайдуудыг МАН-ын хамаг бодлогыг зангидаж буй дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан хоёрын таалал мэднэ.

Гэхдээ эхлээд одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарыг явуулах тэргүүн эгнээнд тавьсан бололтой. Харин олны шүүмжлэлийг хүртдэг ч “пуужин” шиг дээш шидэгдэж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг хэрхэх нь чимээгүй байгаа ч өөрийн халаасны хүн учир авч үлдэх магадлал өндөр. Ижил өнгөтэй нь Соёлын сайд Ч.Номин. Ч.Номинг крандаж дээшлүүлсэн шигээ авч үлдэх нь үү, эсвэл аргагүй эрхэнд явуулж УИХ-аас “давхар дээл”-тэй сайд оруулж ирэх үү гэдэг нь бас сонирхолтой.

Түүнчлэн Сангийн сайд С.Жавхлан, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар бусдыгаа бодвол бие даасан байдалтай ажиллаж, өөрсдийн дархлаагаа аль хэдийнэ тогтоогоод байгаа учраас тийм ч амархан Засгин газраас жийгдэхгүй болов уу. Харин хамгийн хэцүүхэн байдалд байгаа нь Шадар сайд С. Амарсайхан. Тэрбээр Ерөнхий сайд болоод Засгийн газрын бодлоготой яв цав нийцэж дуу нэгтэй урагшилж чаддаггүй нь ил. Тэгэхээр түүнийг авч үлдэх эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн ойрын хүн учир түүнийг үлдээх талаар эрх биш яриа хөөрөө хийгдэж байгаа болов уу. Ингээд харахад бараг одоогийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ томилгоо хийгдэхээр харагдаж байна.  Ямартай ч Ерөнхий сайд Засгийн газраа өөрийн уяанд ойр гишүүдээр бүрдүүлэх нь гарцаагүй үнэний нэг. Хэн ч сонгогдсон улс эх орны ажлыг урагшуулж байвал нэгэнт эвлэрэх томилгоо болж хувирчихлаа.

                                                                                                                                                           Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)