
Төв аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд холбогдох албаныхан хяналт, шалгалт хийжээ.
Тодруулбал, Баян, Баянцагаан, Баянжаргалан, Эрдэнэ, Сэргэлэн, Заамар сумдын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч 65 аж ахуйн нэгж, 13 бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд 25 аж ахуйн нэгж, зургаан бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулаагүй байна.
Шалгалтаар уурхай дээр байх ёстой баримт бичгийн бүрдэлгүй, батлагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй дөрвөн аж ахуйн нэгж байжээ. Зөрчилтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, долоон аж ахуйн нэгжид Зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.