Найман өдөр автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Admin | 2022-08-24


Шинэ хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар Хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд  Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын захирал С.Адъяасүрэн, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцов.

Улаанбаатар  хотын хувьд авто замын оргил ачааллын үе ирээд байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан судалгаанаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь өмнөх оноос 5.96 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн тоо сүүлийн гурван долоо хоногт 28.1 хувиар буурсан бол хот руу орох автомашины тоо 22.1 хувиар өссөн байна. Энэ бүхэн 2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой юм. Тиймээс нийслэл хотод наймдугаар сарын 27-ноос эхлэн долоо хоног, найман өдрийн турш автомашинуудыг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар танилцуулсан. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 3-ны өдрийг дуустал 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

ӨМНӨХ ЖИЛ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД 418,800 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧСОН БОЛ ЭНЭ ЖИЛ  443 МЯНГА ДАВСАН

Замын хөдөлгөөний удирдлагын НӨҮГ-ын захирал С.Адьяасүрэн:

-Хотын хэмжээнд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн тоо, замын даацын харьцаа хэтэрсэн, хүнд байдалтай байна. Жил бүр импортоор ирж буй тээврийн хэрэгслийн тоо, ашиглалтаас гарч байгаа тээврийн хэрэгслийн тоотой харьцуулахад харьцангуй их. Үүнээс үүдэн замын хөдөлгөөний эрчим оргил үедээ 8.7 км цагийн хурдтай болж, ачаалал илт ихсэж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд долоо хоног буюу найман өдрийн хугацаанд тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ нь хичээл сургуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа түр арга хэмжээ юм. Түрүү жил тээврийн хэрэгслийн тоо 418,800 давж байсан бол энэ жилийн байдлаар 443,000 давах судалгаа гарсан. Иймд замд зорчих хурд 8 км-ээс доош орж, тэг зогсож болзошгүй учир тодорхой хугацаанд хязгаарлахаас өөр боломжгүй. Хугацааны хувьд наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:

-Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой замын ачаалал наймдугаар сарын 15-аас нэмэгддэг. 2019 оны үед буюу цар тахлаас өмнөх жилүүдэд хөдөө орон нутгаас 91 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Энэ жил мөн тэр хэмжээний хэрэгсэл нэвтэрнэ гэсэн таамаг байна. Иймд ойролцоогоор 100 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөдөлгөөнд нэмж оролцох нь. Мөн энэ үед зам тээврийн осол, дуудлага, зөрчил ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас Замын цагдаагийн алба хаагчдыг нэмэгдүүлэн ажиллуулж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих хөдөлгөөнийг зохицуулж байсан бол энэ жил долоо хоногийн хугацаатай зохицуулалт хийхээр болсон. 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Хязгаарлалт эхлэх цэг нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл байна. Торгууль, шийтгэл биет болон телекамерийн тусламжтай дугаарын хязгаарлалтаар зорчсон зөрчлийг илрүүлж ажилладаг. Энэ чиглэлд жолооч нар дугаарын хязгаарлалттай өдөртөө хөдөлгөөнд оролцохгүй, бидний ажлыг дэмжин ажиллана гэж итгэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)