УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Д.Ганбаттай хэдэн сар үзэлцээд АН-ын бүлгийн даргын суудлыг нь булааж авч чадаагүй. Гэтэл хоёрхон хоногийн дотор энэ асуудлыг шийдчихлээ. Үүнийг баталгаажуулсан нь УИХ-ын дарга Г.Занданшатар. АН-ын хэсэг гишүүд хуралдаж О.Цогтгэрэлийг бүлгийн даргаараа сонгосон талаар мэдээлэл хийсэн. Бараг энэ өдрөө АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын даргад “Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Шийдвэрлэж өгнө үү” гэдэг хүсэлт илгээсэн. Харин маргааш нь УИХ-ын дарга Г.Занданшатар О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын дарга гэдгийг хүлээн зөвшөөрсөн хариу өгөв. Жил, сараар үзэлцээд Д.Ганбатыгаа дийлэхгүй байсан О.Цогтгэрэл гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатарт талархсныхаа хариуг хэсэг бүлэг нөхдийн хамт барьлаа.
Үндсэн хуулийн Цэцээс гаргасан “давхар дээл”-ийн асуудлыг дахин хэлэлцэх хуулийн төсөл өчигдөр өргөн баригдсан. Нийт гишүүдийн дөрөвний гурав нь дэмжсэн тохиолдолд “давхар дээл” дэмжигдэж, санал хүрээгүй тохиолдолд унах байлаа. Гэвч дэмжигдэж УИХ-ын гишүүд үргэлжлүүлэн сайдын суудлын төлөө тэмцэх нөхцөл бүрдэв. Нийт 57 санал авах байснаас ХҮН-ын Г.Доржханд гишүүн ганцаараа эсэргүүцсэн санал өгсөн бол 9 гишүүн санал хураалтад оролцсонгүй. Нийт 61 саналтайгаар УИХ-ын гишүүд сайд болох нөхцөлийг эрх баригчид бүрдүүлээд авлаа.
Үүнд УИХ дахь АН-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, С.Одонтуяа, Н.Ганибал, Ш.Адьшаа, Б.Бейсен нарын санал чухал үүрэг гүйцэтгэж эрх баригчдын хүслийг гүйцээхэд дэмжлэг үзүүллээ. Харин Д.Ганбат, Ж.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Б.Пүрэвдорж санал хураалтад оролцсонгүй.
Хамгийн гол нь санал хураалтад МАН-ын долоон гишүүн оролцоогүй бөгөөд тэдний саналыг АН-ын зургаан гишүүн нөхөж байж хуулинд заасан тоог давуулсанд учир байгаа юм. Тэгэхээр дээрх АН-ын зургаан гишүүн хоёрхон хоногийн дотор МАН-д саналаа худалдаж байгаа нь олон түмний нүдэн дээр ил явлаа. Саналаа худалдсан АН-ын гишүүд дундаас хэдэн хүн сайд болох бол, ядаж нэг сайдын суудал тохиролцож чадсан болов уу. Эсвэл ердөө УИХ дахь АН-ын бүлгийн суудлаа авахын төлөө саналаа эрх баригчдад худалдчихав уу. АН дотоод асуудлаа шийдэж чадахгүй тэмцэлдэж байхад эрх баригчид түүнийг нь овжин ашиглаад бүр гаршчихлаа. Одоо АН-аас ард түмэн юу хүлээнэ гэж. Олигтойхон сөрөг хүчин байхыг хүсэх үү. Олонх МАН-д урвачихаад байхад уу. Үгүй л болов уу. Угаас ч АН-д хүлээлт үүсгэх, үнэт зүйл нэхээд ч нэмэргүй боллоо шүү дээ.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13