
Хан-Уул дүүрэгт өдрөөс өдөрт хүн ам өсөн нэмэгдсээр 209,524 хүн амтай, 56,874 өрхтэй болсон байна. Үүнийгээ дагаад байшин хороолол, барилга байгууламж нэмэгдэж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжний асуудал нэн тэргүүний тулгамдсан асуудлын нэг болсон. Дүүргийн зүгээс улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтыг боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү тавьж, 2022-2023 онд Хан-Уул дүүрэгт зургаан сургууль, есөн цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тухайлбал Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс яармаг, нисэхэд нийт гурван сургууль, таван цэцэрлэг ашиглалтад орно
Яармаг, Нисэх чиглэл рүү хүн амын нягтаршил нэмэгдсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо нь 4, 23, 24 дүгээр хороод болон гурав хуваагдсан бөгөөд шинээр байгуулагдсан 23 дугаар хороонд 450 хүүхдийн багтаамжтай 308 дугаар шинэ цэцэрлэг ашиглалтад орж хүүхэд багчуудаа хүлээн авахад бэлэн болсон. Мөн 24 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэг энэ оны IV улиралд ашиглалтад орохоор дотор заслын ажил хийгдэж байна.
Хан-Уул дүүргийн алслагдсан бүс буюу 12,13,14 дүгээр хорооны хүүхдүүд цэцэрлэг, сургуульд 100 хувь хамрагдана
Дүүргийн алслагдсан бүс болох 12, 13,14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэгийн 3 цогцолбор ашиглалтад орж, хамран сургах тойргийн бүх хүүхдүүд сургууль, цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсон. Тодруулбал 13 дугаар хороонд 360 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн анги танхим, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг бүрдүүлсэн тохижилттой гэдгээрээ онцлог сургууль энэ оны есдүгээр сард ашиглалтад орно. 12 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай 10 дугаар сургуулийн шинэ барилга оны дараа ашиглалтад тус тус орно.
Хууль бусаар олгогдсон газрын эрхийг цуцлуулж, хоёр байршилд 500 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг барих барилгын ажил эхэллээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилтын хүрээнд 2022-2023 онд тус дүүрэгт зургаан сургууль, есөн цэцэрлэг шинээр ашиглалтад оруулах төлөвлөгөөндөө тусгасан. Тус зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрх ашгийг зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бусаар олгогдсон 10 гаруй газрын эрхийг цуцлуулан сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй хоёр байршилд 500 хүүхдийн ортой цэцэрлэг барих барилгын ажлыг эхүүлсэн байна. Тухайлбал 15 дугаар хороонд 200 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг, 16 дугаар хороонд Буянт-Ухаа 1 хорооллын дэргэд 200 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил тус тус эхэлж, оны дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
2022-2023 онд ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн тухайд:
-4 дүгээр хороо 34 дүгээр сургуулийн өргөтгөл
- 12 дугаар хороо, 640 хүүхдийн суудалтай 10 дугаар сургууль
- 13 дугаар хороо, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
- 19 дүгээр хороо, 115 дугаар сургуулийн барилгын өргөтгөл
- 21 дүгээр хороо, 960 хүүхдийн суудалтай сургууль
- 21 дүгээр хороо, 1200 хүүхдийн суудалтай Буянт-Ухаа 2 хорооллын цогцолбор сургууль.
- 3 дугаар хороо, 134 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
- 5 дугаар хороо, 71 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
- 9 дүгээр хороо, 134 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл
- 13 дугаар хороо, цэцэрлэгийн цогцолбор
- 15 дугаар хороо, 200 ортой цэцэрлэг
- 16 дугаар хороо, 200 ортой цэцэрлэг
- 23 дугаар хороо, 450 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг
- 24 дүгээр хороо, 200 ортой цэцэрлэг тус тус шинээр ашиглалтад орно.