
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтран баталсан 2022 оны “Баян-Өлгий аймагт хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст дэмжлэгт хяналт хийх, тус аймгийн гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олголтын байдал, хөнгөлөлттэй эмийн жор бичиж байгаа эмч нарын үйл ажиллагаанд хяналт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх, даатгалын санхүүжилтыг хууль бусаар авч завших, хуурамч баримт бичиг ашиглах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн хяналт шалгалтыг 2022 оны 07 дугаар сард ЭМДЕГ болон Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар хамтарсан хяналт шалгалт хийсэн.
Үүнд Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй нэр бүхий 19 эмийн санд, хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий 12 эмч хамрагдсан юм. Шалгалтаар хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нар амбулаторийн тусламж үйлчилгээ авсан иргэний хурууны хээг ашиглан олон удаагийн үйлдлээр хуурамч жор бичсэн, эмийн сангийн ажилчид нь ойр тойрны танил тал, хамаарал бүхий иргэдийн регистрийн дугаарыг ашиглан нэр бүхий эмч нараар хуурамч жор бичүүлсэн, үзүүлээгүй үйлчилгээний зардлыг улсад их хэмжээний хохирол учруулсан зөрчил, эмчийн бичсэн жорд хамаарах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байхгүй өөр эмээр орлуулан авах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчид олгосон зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.