С.Эрдэнийн талын гэгдэх Ардчилсан намын хуулийн зөвлөх, өмгөөлөгч Г.Батбаяртай ойрын үед үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам (АН) УИХ дахь нэр бүхий дөрвөн гишүүнийг намаасаа хассан. Цаашдаа дээрх гишүүд эрхзүйн хувьд АН-ыг төлөөлөх боломжгүй болчихов уу?
-2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн АН-ын даргын тушаалаар намын дүрмийг ноцтой зөрчсөн С.Одонтуяа, О,Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Бейсен нарт 8 жилийн хугацаагаар сахилгын шийтгэл оногдуулсан. Үндсэн дүрмийн хорооноос 2022 оны наймдугаар сарын 27-нд гарсан тогтоолын дагуу намын даргын тушаал гарсан. Нам гэдэг чинь мэдээж дүрэм журмаараа л явна. Тэгэхээр би УИХ-ын гишүүн болчихсон юм чинь намын итгэл үнэмшил, хүсэл зоригт захирагдахгүй, намаас хөөгдөхгүй гэж бодоод яваад байж болохгүй. Намаас хөөгдсөн бол тухайн намын бүлэгт орох эрхгүй болчихож байгаа юм. Намын үйл ажиллагаанд оролцох, намын нэрийг барих ямар ч эрхгүй. Энэ тухайгаа УИХ-ын даргад мэдэгдсэн, ажлын албанд нь мэдэгдсэн. Тогтоол шийдвэрүүдийн хуулбаруудыг нотлох баримт болгож хүргүүлсэн. Бүлэг намын бодлогод захирагдаж ажиллана. Нам 200 мянган гишүүнтэй. Энэ 200 мянган гишүүний хүсэл зориг, тэднийхээ өмнө амласан мөрийн хөтөлбөртөө нийцүүлж ажиллахыг бүлэгтээ даалгаж байдаг. Бүлгийн үйл ажиллагааг нам хянадаг. Гэтэл намын гишүүдээс бүрдсэн, намын дор ажиллаж буй энэ бүлгийн 8 гишүүний 4 нь сая хасагдлаа. Ингэснээр АН-ыг төлөөлөх 5 гишүүн л үлдэж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу нам нь өөрийн хууль ёсны албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон, намдаа бүртгэлтэй гишүүдээс бүлэг оршин тогтоно. Харин намын гишүүн 8 хүрэхгүй тохиолдол бүлэг тарна. Гэхдээ МАН-д бол бүлгийг хэвээр нь байлгаж шийдвэрлэж чадаагүй асуудлаа тохох, АН-ын бүлгээс болж ажлаа хийж чадаагүй гэж шалтгаанаа түлхэх субьект байдлаар ашиглах сонирхол байгаа нь тодорхой.
-Одоо УИХ-д АН-ыг төлөөлөх таван гишүүн байгаа гэдгээ тодруулахгүй юу. Дөрөв биш үү?
-УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн намын эрхийг наймдугаар сарын 27-ны Үндсэн дүрмийн хорооны хурлаар сэргээсэн. Ж.Батсуурийн хувьд өөрийн буруугаа хүлээж эрхээ сэргээх тал дээр маш их хичээл зүтгэлтэй ажилласан. Тухайн сахилгын шийдвэрийг хүчингүй болгох хүсэлт тавьсны үндсэн дээр АН-ын эрхийг сэргээсэн байгаа. Тэгэхээр УИХ-д АН-ын 5 гишүүн байна.
-Тэгэхээр УИХ дахь АН-аас сая хөөгдсөн гэх дөрвөн гишүүн намд ямар ч хамааралгүй болсон гэсэн үг үү?
-Тийм. УИХ-ын гишүүн л гэж явна. АН-ын нэрийг барих ямар ч эрхзүйн эрхгүй. АН-аас хөөгдөж захиргааны актад өртөж буй этгээдийн хүсэл зориг, тайлбар АН-д ямар ч хамаагүй.
-УИХ-ын гишүүн Ц.Туваан “АН намайг зургаа, долоон удаа хөөсөн. Тиймээс тоохоо больсон” гэж хэлсэн. Үнэн үү?
-АН-ын гишүүд энэ хууль, эрхзүйн хэм хэмжээг мэдэж байгаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан гэхэд л “Намайг 7 удаа хөөсөн” гэж зориуд ярьж байна. Хэзээ байхдаа Ц.Тувааныг 7 удаа хөөсөн юм. Энэ бол зориудаар намын шийдвэрийг хүчгүйдүүлэх, олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор төрийн өндөр албан тушаалаа ашиглан өөрт давуу байдлаар хэлж буй үг. Намын дүрэмд тодорхой байгаа шүү дээ. Дараагийн дарга сонгогдтол хуучин даргын ажлыг хэвээр үргэлжлүүлсүгэй гэсэн 2020 оны долдугаар сарын 3-ны өдрийн тогтоол байж л байгаа ш дээ. Үүнийг мэдсээр байж өөрөө дүрэм журмаа зөрчихөөд нэгэнт л Х.Баттулгаар дарамтлуулж авсан тамга надад байгаа юм чинь би намын дарга гэж ойлгож болохгүй ш дээ. АН-аас УИХ-д сонгогдчихоод тэгж ёсзүйгүй аашилж болох уу. Ц.Тувааныг хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сард намаас хөөсөн тушаал гарсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж “надад хадгалагдаж байсан тамгыг ашиглахыг зөвшөөрч өгөөч” гэдэг үед. Энэ нам чинь дүрэм журамдаа л захирагдаж цааш явна шүү дээ.
-УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ тохиолдолд яах билээ?
-Тухайн үед О.Цогтгэрэлийг АН-аас хасаагүй байсан. Одоо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу 8-аас доош гишүүнтэй болсон учир бүлэг тарсанд тооцогдоно. Үүгээр О.Цогтгэрэл бүлгийн дарга гээд өрөө, сандал ширээ булаацалдаад явах эрхзүйн чадамжгүй болчихож байгаа юм. Үүнд нэмж хэлэхэд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15.3-д “бүлэг тарсан бол Дэд дарга огцорч УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно” гэж байгаа. Бүлэг нэгэнт тарсан учир С.Одонтуяа гишүүн УИХ-ын Дэд даргаас огцрох ёстой гэсэн үг. Энэ тогтоолыг УИХ шууд гаргахыг үүрэгжүүлчихсэн. Хэлэлцэх шаардлагагүй. Эх баригч нам нөгөө намынхаа үзэл бодол, шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь бид намаас эдгээр хүмүүсийг хөөчихөөд байна гээд хуулийн дагуу хүчин төгөлдөр шийдвэрээ танилцуулж байхад “энэ намыг тараая, устгая” гэж бодоогүй л юм бол хүлээж авах ёстой. МАН-ын нэрээр л дээрх хүмүүс гишүүн, сайд болоод явж байгаа хүмүүс. Тиймээс үндэс болсон намынхаа шийдвэрийг хүндэтгэхгүй байгааг нь дэмжээд, өөгшүүлээд яваад байж болохгүй.
-Гэхдээ АН дотоод маргаанаа шийдвэрлээгүй байгаа шүү дээ. Тиймээс аль нь хууль, эрхзүйн хувьд намаа төлөөлөх юм. Дээрх гишүүдийг намаасаа хөөх эрхзүйн чадамж нь юугаар тодорхойлогдож байгааг тайлбарлаж болох уу?
-Олон нийтийн дунд “Тамганы маргаан” гэж нэрлэгдээд буй маргаан гэдэг нь С.Эрдэнэ даргад олгосон 9020 гэсэн тамга. Ц.Туваанд хадгалагдаж байсан 111 тоот тамга. Нэг нь олгож, нөгөө нь хүчингүй болгосон. Энэ захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү л гэсэн нэхэмжлэлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр УИХ-ын гишүүн, иргэн Ц.Туваанаас гаргасан байдаг. Ингэхдээ АН-ыг төлөөлөөд гаргачихгүй юу. Нэхэмжлэлээ шүүхэд гаргахдаа хүчингүй болгосон тамгаа дарсан. Хүчингүй болгох професс бол Улсын бүртгэлийн газраас гарсан. Ингээд маргаан явж байтал нэг төвөгтэй зүйл гарч ирсэн. Тухайн АН-ыг төлөөлөх эрхтэй этгээд хэн юм бэ гэдэг дээр хүмүүс их маргалдсан. Хуучин дарга С.Эрдэнэ гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ зохицуулалт 2017 оны гуравдугаар сарын 15-ны Улсын Дээд шүүхийн 01 тоот тогтоол. Энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Мөн 8488916 тоо Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ байна” гээд биччихсэн байгаа. Харин намын дарга шинээр томилогдох ёстой юм бэ гэдэг дээр л маргаад байгаа юм л даа. Хүмүүс үүнийг ойлгохгүй АН хоёр хуваагдсан байна гээд яриад байдаг. Үүний ард албан тушаалын төлөөх ашиг сонирхлын зөрчил гэдэг зүйл л байгаа юм. Намын хамгаалалтад орохын тулд Х.Баттулга тэргүүтэй нөхдүүд “Би АН-ын дарга болох ёстой” гээд дайраад байна. Гэтэл Улсын Дээд шүүх хэнийг нь ч АН-ын даргаар хүлээн зөвшөөрөөгүй. Энэ тохиолдолд АН-ын хуучин даргын эрх хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ. Ямарваа нэг хуулийн этгээд даргатай байх нь тодорхой шүү дээ. Түүнчлэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 392 тоот шүүгчийн захирамжаар “С.Эрдэнэд хадгалагдаж буй 9020 гэсэн тамгыг хэрэглэж болно. Энэ тамгыг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хэрэглэдэг учир түтгэлзүүлж болохгүй” гэсэн тогтоол гарсан. Энэ тогтоолыг хүчингүй болгосон тохиолдол байхгүй. Ингээд 2022 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 4883 тоот захирамжаар “УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ыг төлөөлж тамганы асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй этгээд юм байна” гээд шийдчихсэн. Тиймээс өнөөдөр тамганы эрхзүйн үйлчлэл бол С.Эрдэнэд хадгалагдаж байгаа 9020 гэсэн тамга хүчин төгөлдөр байгаа. Шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн маргаан захиргааны хэргийн шүүх дээр бол бий. Гэхдээ энэ маргаан тухайн тамгыг ашиглахад саад болох үндэслэл болохгүй.
Нэгэнт Улсын Дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 01 тоот тогтоолоор эрх нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа С.Эрдэнэ даргын гарын үсэгтэй, мөн шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа тэр тамганы үйлчлэлийн хүрээнд өнөөдрийн С.Эрдэнэ даргын тал гэж хэлэгдээд байгаа Ардчилсан нам (АН) хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм ч учраас УИХ-ын нөхөн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд энэ нам хууль ёсны нам учраас АН-ыг төлөөлөх эрхтэй этгээдүүд юм байна гээд бүртгээд явуулсан.
-Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгэлгүй байна гээд байгаа?
-Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд нэг алдаатай зүйл гарсан нь үнэн. Төлөөлөх эрх дээр яагаад маргаад байдаг юм гэхээр С.Эрдэнэ дарга намын дарга гэдэг хүснэгтийн ард бичигдээгүй байна. Гэтэл Ц.Туваан гэж хүн байсан уу, байсан. Энэ үйл явдал 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд Ц.Туваан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж бичигдээд 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 04 тоот тогтоолоор хүчингүй болсон байдаг. Ердөө 26 хоног Ц.Туваан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч хийсэн байх нь. Энэ үеэр Ц.Тувааны нэрийг бичихдээ С.Эрдэнийн нэрийг арилгасан Улсын Дээд шүүхийн цахим сангийн бүртгэл нь Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаярын буруутай үйл ажиллагаанаас болсон байна гээд гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Тодруулбал, холбогдох Шүүхийн ёсзүйн хорооны тогтоол гарсан. Энэ тогтоолоор “Цохолт хийхдээ С.Эрдэнийн нэрийг арилгаж Ц.Тувааны нэрийг бичсэн энэ үйлдэл буруу байна” гэсэн. Төлөөлөх эрх ганцхан энэ дээр маргадаг. Цахим бүртгэлд С.Эрдэнийн нэр байхгүй байгаа биз дээ. Цахим бүртгэлд бүртгүүлэх С.Эрдэнийн өгсөн хүсэлтийг Улсын Дээд шүүх татгалзсан байгаа биз дээ гээд байдаг. Гэтэл цаасан бичиг дээр байгаа нь хэвээрээ байдаг. Цахим бүртгэлийн сайт дээрх мэдээлэлд арилчихсан байдаг.
-Одоо тэгээд бурууг нь тогтоосон юм бол С.Эрдэнийг яагаад цахим бүртгэлд нэрийг нь оруулахгүй байгаа юм бэ?
-Яагаад гэхээр “Одоо та нар тэртээ тэргүй намын даргаа солих гээд маргалдаад байгаа юм байна. Маргаанаа шийдчихээд ир. Тэгээд нэрийг нь бичье” гэдэг. Өнгөрсөн баасан гарагт буюу есдүгээр сарын 2-нд маргааныг эцэслэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болох байсан. Ц.Туваан шүүгчээс татгалзсан тул шүүх хурал хойшилж есдүгээр сарын 5-нд (өнөөдөр) товлогдсон. Энэ удаагийн шүүх хурлаар АН-ын тамганы маргаан эцэслэгдэх болно.
-Энэ хурал маргааныг эцэслэж чадах болов уу?
-Энэ шүүх хурал эцсийн байдлаар маргааныг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
-АН-ын гишүүдийн 90 гаруй хувийн санал авсан гэх Ерөнхийлөгч асан Х.Баттулга намын дарга болохын тулд тамганаас гадна С.Эрдэнийн гарын үсэг чухал үүрэгтэй гэж байсан. Энэ тухайд?
-Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах Улсын Дээд шүүхийн бүртгэл хөтлөх журам бий. Тус журмын 3.4-д “Тухайн шинээр томилогдож байгаа намын даргыг хуучин дарга нь маягтыг бөглөөд тамга тэмдэгээ дараад, гарын үсгээ зурж нийт шүүгчдийн хуралдаанд оруулна” гэж тусгасан. Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг батлахаар хуулийн этгээдийг төлөөлдөг хүчинтэй тамга нь байхгүй хүчингүй 111 тоот тамга нь байгаад байдаг. Мөн хуучин намын дарга С.Эрдэнэ төлөөлж гарын үсэг зураагүй болохоор Х.Баттулгыг хэн төлөөлж байгаа нь тодорхойгүй. Тиймээс л Х.Баттулгын маргаан хуулийн дагуу зөвшөөрөгдөхгүй байгаа юм. Бид цахим бүртгэлд С.Эрдэнийг сэргээгээд бичих, үгүй бол хэсэг бүлэг хүмүүс иргэдийг төөрөгдүүлээд байна гээд хүсэлт бичээд өгөхөөр үүнийг “Танайх маргаантай байгаа юм байна” гэдэг тайлбарыг өгдөг. Гэхдээ одоо намын их хурлыг зарлан хуралдуулах журам гэж байна. Үндэсний бодлогын хороо зарлах эсвэл намын дарга зарласнаар ээлжит бус хуралдаж болно. Тэгэхээр Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй Үндэсний бодлогын хороо нь С.Эрдэнэ даргын талд байна. Тэгэхээр нөгөө талын хурал хуулиараа бол хүчингүй. Өмнө нь Үндэсний бодлогын хороо ротаци хийж шинэчлэн байгуулагдаагүй, Улсын Дээд шүүхэд шинэчлэгдсэн бүртгэлээ өгөөгүй. 2018 оныхоор явж байсан. Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгч байсан давуу байдлаа ашиглаж гишүүдийг бөөгнүүлж, АН-ын Үндэсний бодлогын хороо хурал зарлалаа гээд яваад байсан. Одоо бол 2022 оны 3 сарын 9-ний өдөр бид намын дүрмээ шинэчлэн батлуулсан. Намын дүрмийг нэгэнт Улсын Дээд шүүх хүлээж аваад батласнаар АН-ын Үндэсний бодлогын хороог шинэчлэн зохион байгуулж, бүртгэлийг нь архивт хадгуулахаар хүргүүлсэн. Тиймээс энэ талын маргаан одоо байхгүй.
Д.ДАВААСҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын...
tentsver.mn | 14 минутын өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж...
tentsver.mn | 57 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14